Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр “Хүй долоо” худагт хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж дээрх шийдвэрийг гаргасан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр үдээс өмнө салбар хороо хуралдан унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Гэвч үргэлжилсэн бороотой байгаа тул өнөөдөр хурдан морины уралдааныг явуулах боломжгүй гэж үзлээ. Тиймээс өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдааныг цуцалж, долоодугаар сарын 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэв.