Өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл салбар салбарын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан самар түүх талаар олон нийтдээ мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, "Самрын их ургацын жил тохиож, Ойн тухай хуулиар үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар самар түүх боломж хушин ойтой 10 аймгийн нйамд нь бий болсон тухай Ойн хөгжлийн төв мэдэгдлээ. Ингэснээр энэ есдүгээр сарын 10-наас ирэх жилийн гуравдугаар сарын 15 хүртэл иргэд, аж ахуйн нэгж самар бэлтгэх боломжтой болж байна. Болц нь гүйцсэний дараа самар түүвэл та бүхэн модноос унаж эрсдэлд орохгүйн зэрэгцээ хуш модоо хүчтэй түншиж гэмтээлгүй байгалийн баялгаа чөлөөтэй ашиглана. Ялангуяа гал түймрийн аюулаас болгоомжлоорой. БОАЖ -ын яам КОВИД-ын улмаас эдийн засгийн амаргүй нөхцөлд байгаа үед иргэд, аж ахуйн байгууллагадаа байгалийн баялгаа зүй зохистой ашиглах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах болно. Тиймээс та бүхэн маань мэргэжилтнүүдийн судалсан самрын болц гүйцэх 14 хоногийг тэвчээртэй хүлээхийг уриалж байна" гэлээ.