ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын сайтын холбоо ХЭҮК-той хамтарч ажиллана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-27

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7.1.7 дахь хэсэгт “хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах” гэж заасан байдаг. Уг заалтыг үндэслэн Монголын Сайтын Холбоотой хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2020 оны наймдугаар сарын 26-ны өдөр Санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг хамгаалах үйлсэд бүхий л талаар хамтран ажиллах зорилготой юм.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн аян өрнүүлэх юм.