Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дөрөвдүгээр сарын 20-ны өдөр шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тус шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй эрхлэгчийн 19 ШТС, дөрвөн агуулахын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгалт хийсэн аж. Улмаар шатахууны шахалтын хэмжээ марк дугаар зөрүүгүй, түгээгүүрийн шахалт нь зөвшөөрөх хэмжээнд хэвийн байжээ. Мөн дээрх 19 ШТС-аас түүвэрчлэн авто бензиний 22 дээж, дизель түлшний арван дээжийг тус тус авч, нууц дугаараар кодлон Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид шинжлүүлэхэд дээжний октаны тоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. мөн наймдугаар сарын 6-нд 17 ААН шатахууны үнээ нэмсэн нь үндэслэлтэй эсэх чиглэлээр хийгдсэн шалгалтаар ШТС-уудад шатахууны үнээ нэмэх талаар албажуулсан тушаал шийдвэргүй, үнээ нэмсэн зарим компаниуд борлуулж байгаа шатахууны үнээ ил тод мэдээлээгүй зэрэг зөрчил дутагдлууд түгээмэл гарчээ. Үүнтэй холбогдуулан таван зүйл бүхий албан шаардлагыг шатахууны үнээ нэмсэн ААН-үүдэд ШӨХТГ-аас хүргүүлжээ.
Харин есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд ажлын хэсгийн гишүүд ШТС-уудын шатахуун хадгалах, нөөцлөх савны цэвэрлэгээ, саванд ус хийж байгаа болон лаг байгаа эсэхийг шалгахад “Тэс Петролиум” ХХК-ийн нөөцлөх савнаас бохирдол буюу ус, “Шунхлай Трейдинг” ХХК-ийн АИ 92 авто бензиний савнаас бага зэргийн лаг болон ус, “Синчи ойл" ХХК-ийн 92 авто бензиний савнаас ус, “Петрожамп” ХХК-ийн савнаас тус тус ус илэрчээ.