Гэрийнхаа гадаа тоглож байсан хүүхдийг хайхрамжгүйн улмаас автомашинаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн 12.45 цагийн орчимд Өвөрхангай аймаг Есөн зүйл сумын 1-р баг “Цагаан Даравгай” гэх газар /сумын төвөөс урагшаа 70 км/ шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан 2 настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Тиймээс жолооч та хөдөлгөөн эхлэх болон зогсоохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо шалгах, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, хэрвээ таны ойр орчимд бага насны хүүхэд байгаад та тээврийн хэрэгслээ хөдөлгөх болон зогсоох бол аюулгүй байдлын үүднээс бусад хүнд хөтлүүлэх, тэврүүлж байж үйлдлээ хийж байхыг анхааруулж байна. Хайхрамжгүй хийсэн таны үйлдлээс болж дахин нэг бяцхан зүрх цохилохоо болилоо.