Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн билээ. Тиймээс замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн байна.
ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА.
2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар:
• Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна.
• Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна.
Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.
• Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.
• Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.
Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлээрэй.