Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанд замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав. Тэрбээр “Замын хөдөлгөөний ачаалал хичээл, сургууль эхэлсэн үеэс эрс нэмэгдсэн. Хотын авто замын ачааллын гол цэг нь Улаанбаатарын төв цэг байдаг. Авто замын сүлжээ дутагдалтай байна. Одоогоор 903 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа хэдий ч хүрэлцэхгүй байгаа. Ойрын хугацаанд 200-500 автобус ашиглалтаас гарна. Нийтийн тээврээ илүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Зогсоолын нэгдсэн системийн ажлыг төлөвлөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. Цаашид Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг сайжруулах, хорооллын доторх гудамж замын уулзварыг нэмэх, тээврийн хэрэгслийн зогсоолыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, дугуйн замыг нэмэгдүүлэх гэсэн асуудлууд байна. Ойрын хугацаанд автозамын зогсоолын асуудлыг бүсчлэх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн ажлын цагийн уян зохицуулалтын ажил судалгааны шатанд явж байгаа. Энэ ажил хийгдвэл хөдөлгөөний цагийн давхцал буурна” гэсэн мэдээллийг өгөв.
Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Нийслэл дэх тээврийн хэрэгслүүд зам дээрээ багтахгүй. Энэ нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 100 мянган машин зогсоож байна. Тиймээс иргэдээс нээлттэй санал авч тэгш, сондгойгоор нь долоо, долоо хоногоор явуулбал яасан юм бэ гэсэн саналыг оруулж байна” гэлээ.
Түүнчлэн авто замын түгжрэл ачааллыг бууруулах чиглэлд холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонссон юм. Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл оролцов. Тэрбээр “Замын түгжрэлийн асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Ард иргэдээс ирүүлж байгаа саналыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байна. Бүгд санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй” гэв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээ нь зарим хотуудын нэрийн хуудас болдог. Нийтийн тээврийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагууд яагаад анхаарч ажиллахгүй байна. Иргэдээс бэлэн мөнгө авч зорчуулдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Түгжрэлийг бууруулахад гол чухал нөлөө үзүүлэх газар бол нийтийн тээврийн үйлчилгээний газар. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг байж иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхгүй байнга гомдол дагуулдаг байгууллага боллоо. Бэлэн мөнгө авдаг жолооч нартай яаж тэмцэх вэ. Нийт орлогынхон гуравны нэг нь өөр замаар явж байна. Иргэдийн татварын мөнгийг ингэж үргүй зардаг байж болохгүй. Мөн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж ажиллана. Авто замын ачааллыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа холбогдох мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, мэдээллээ нэгтгэж ажилла” хэмээлээ.