ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

8.4 сая толгой малыг отроор өвөлжүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-02

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангуулан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 56 хувьд “сайн”, 31 хувьд “дунд”, 13 хувьд “харьцангуй муу” гэсэн үнэлгээтэй байна.

Энэ зун нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дундаж орчим буюу түүнээс ахиу; харин Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх, Дундговь, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас бага тунадас орсон.

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд хүрэлцээтэй, 25 хувьд 1-3 дахин, 6.1 хувьд 3-5 дахин, 18.3 хувьд 5-аас олон дахин хэтэрсэн байна.

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 4.8 мянган тонн өвс, 960.3 тонн тэжээл; малчдын түвшинд 581 мянган тонн өвс, 212 тонн сүрэл, 7.6 мянган тонн ногоон тэжээл, 1.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 9.5 мянган тонн гар тэжээл, 22.1 тонн дарш, 11.1 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгээд байгаа аж.