Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай болон эрчим хүчний яамны удирдлагууд салбараас төрсөн отгон гавьяат Далхжавын Зоригтыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар зарлигаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ахмад настан, зөвлөх инженер Д.Зоригт нь Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан юм.
Сайд Н.Тавинбэх “Танд юуны өмнө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та энэ шагналын жинхэнэ эздийн нэг. Энэ шагнал эрчим хүчний салбарыг дэлхийн дайтай болгоход, улсын дайнд хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагнал. Та эгэл жирийн инженер, бүгдийг өөрийн гараар бүтээсэн хүн. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээн мэндчилэв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Зоригт “Би гурван мэргэжлийг шүтэж явдаг хүн. Нэгдүгээрт, багш хүн. Аливаа А үсгийг заадаг гэдгийг хүн бүр мэддэг. Хоёрдугаарт, эмч хүн байх ёстой. Хүний алтан амьны манаанд зогсдог хүмүүс. Гуравдугаарт, би хэнээр ч урдуураа дайруулахгүй эрчим хүчний мэргэжил гэж хэлнэ. Эрчим хүчний салбар маань техникийн дэвшлийг сайн нэвтрүүлсэн Монгол Улсын минь гал голомт шүү дээ” гэлээ.