Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 хүнээс илрээгүй, гурван хүний сорьцод коронавирус илэрчээ. Улмаар манай улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 318 боллоо.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, "Аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд халдвар илэрлээ. Мөн 8-р сарын 30-нд ирсэн 60 настай эмэгтэй, Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн 81 настай хоёр эмэгтэй эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжсэн. Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлоос 310 нь эдгэрсэн. Халдвартай иргэдийн тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна" гэлээ.