Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх сүүний үнэ өссөнтэй холбогдуулан МХЕГ, ГЕГ, ТЕГ, ШӨХТГ, НОБГ-ын хамтран "СҮҮ" ХК, "Талх чихэр" ХК, "Алтан тариа" ХХК, "Өгөөж чихэр боов" ХХК-уудад хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, "Алтан тариа" ХХК гурилын үнээ ангилал төрлөөс хамаарч нэг кг тутмыг 50-100 төгрөгөөр, "Талх чихэр" ХК 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс нь хамааран 100-500 төгрөгөөр, "Өгөөж чихэр боов" ХХК өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50 төгрөгөөр , "СҮҮ" ХК Миний монгол сүүний үнийг 100 төгрөгөөр тус тус нэмжээ. Улмаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед шилжүүлсэн үед эдгээр хүнсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үнийг тогтвортой байлгах гэсэн Гамшгаас хамгаалах хуулийн заалтыг биелүүлээгүй гэж үзсэн байна. Тиймээс холбогдох арга хэмжээг авч, үнийг бууруулах шаардлагыг хүргүүлжээ.