ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Уртнасан: Томуугаас гадна суулгаж, бөөлжүүлдэг ротавирус их байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-20

Томуу, томуу төст өвчин болон иргэдийн дунд үүссэн ташаа мэдээллийн  талаар  ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Томуу,  томуу төст өвчний  нөхцөл байдал улсын хэмжээнд хэр байна вэ?

-Томуу,  томуу төст өвчин  амбульторийн үзлэгийн 3 орчим хувийг эзэлж байна. Аймаг болон нийслэлийн  хэмжээнд халдварын хэмжээ өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар лабораторийн тандалтаар  томуугийн сонгомол вирус үүсээгүй. Риновирус, поковирус буюу томуу, томуу төст өвчнийг үүсгэдэг вирусууд гадуур дэгдээд байна. Эдгээр вирус нь ханиалгах, найтаах, нусгайрах зэрэг амьсгалын замын дээд замын шинж тэмдэг илэрдэг вирус юм. Идэвхжлийн тухайд,  томуу,  томуу төст өвчнийг таван зэрэг хуваадаг бөгөөд одоогоор идэвхжлийн үеэс арай бага хэмжээндээ явж байгаа гэж хэлж болно.

-Улирал хоорондын үе учраас томуугаас сэргийлэх ёстой юм байна. Хэдэн насны хүүхдүүд  илүү өвчилж байна вэ?

-Нийт өвчлөлийн 85 орчим хувийг  15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагаас  65  орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд  байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дотор дөрөв хүртэлх насны хүүхэд 80 орчим хувийг эзэлж байгаа. Үүнээс нэг хүртэлх настай хүүхэд 37 орчим хувийг эзэлж байна

-Нэг хүртэлх насны хүүхэд гэхээр ихэвчлэн эцэг, эхийнхээ асрамжид байгаа хүүхэд  байна. Гэтэл  энэ насны хүүхдийг томуугаас сэргийлэх бүрэн боломж бий шүү дээ?

-Бага насны хүүхдүүд өвдөөд  байгаа нь насанд хүрэгчид болон,  сургууль, цэцэрлэгийн ах эгч нар нь томуу,  томуу төст өвчин халдаагаад байна гэсэг үг. Тиймээс гаднаас орж ирэхдээ гараа сайтар угаах, хоолой амаа зайлах,  гадуур хувцсаа бүрэн сольсны дараа гэрт байгаа хүүхэдтэй харилцах хэрэгтэй. Ингэснээр зөвхөн томуу, томуу төст өвчин гэлтгүй олон  төрлийн  өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

-Нөгөө талаас  цэцэрлэг,  сургуульд  явж буй хүүхдүүд юуг  анхаарах ёстой вэ?

-Намрын  улиралд цаг агаарын байдал, тогтворгүй хүйтэн,  дулаан  янз янз байдаг. Гэтэл  хүүхдүүд нимгэн хувцастай явснаас болж хямарч, дархлаа буурдаг юм. Ингэснээр хүүхэд ханиад хүрэх, томуу, томуу төст өвчнөөр  өвдөх  эрсдийг  өөртий бий болгож байдаг. Тиймээс эцэг, эхчүүд  тухайн цаг агаар,  улиралд нь тохируулж хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй. Хүүхэддээ бүлээн, шингэн зүйлийг сайтар уулгах,  дархлааг  нь дэмжих шаардлагатай. Зарим эцэг, эхчүүд өглөө, оройд  сургууль, цэцэрлэгт явуулахдаа хүүхэддээ заавал  нэг амттан авч өгөх гээд  байдаг. Амттай,  чихэрлэг зүйлс хүүхдийн дархлааг бууруулдаг учраас үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Түүний оронд хичээл, сургуульд нь явахаас өмнө илчлэг сайтай хоол, хүнс өгвөл зүгээр.

-Ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх вакциныг орон даяар хийж байгаа. Хүүхдүүдийн хамрагдалт ямар хэмжээнд байгаа вэ?

-Өнөөдрийн  байдлаар улирлын томуугийн вакцины хамрагдалт 70 орчим хувьтай байна. Харин  жирэмсэн эхчүүд болон,  бага насны хүүхдүүдийн хамрагдалт  харьцангуй бага. Энэ нь гадуур яригдсан цуурхал, ташаа мэдээлэлтэй холбоотой. Иргэдийн дунд “томуугийн вакцин биш,  ковидын вакцин турших гэж байна” гэсэн яриа гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Бид гурван вирусийн эсрэг дархлаа тогтоох гэж байгаа ч томуугийн өвчнөөс сэргийлэн бүрэн боломжтой учраас вакцинд хамрагдах шаардлагатай. Жирэмсэн эмэгтэйчүүд уг вакциныг хийлгэвэл гэдсэн дэх ургаа томуугаас сэргийлэх бүрэн боломжтой нь олон улсын судалгаагаар батлагдсан  үр дүнтэй арга. Тиймээс харьяа эрүүл мэндийн төв,  өрхийн  эмнэлэгт хандаж томуугийн вакциныг хийлгээрэй гэж хэлмээр байна. Баянхонгор, Төв, Өмнөговь аймгууд хамрагдах нь тааруу байна. Өмнөговь аймгийн тухайд орой эхэлсэн учраас хамрагдалт бага байгаа. Эдгээр аймгуудад  томуугийн өвчлөл улсын дунджаас өндөр байгаа.

-Томуугийн вакцин хийлгээд гүйлгэсэн, гэдэг асуудал яригдаад  байгаа. Үүнд та тайлбар өгөөч?

-Томуугийн вакцин хийлгээд л  халуурсан,  бөөлжсөн, суулгасан гэдэг шинж тэмдгүүдийг эцэг, эхчүүд хэлсэн. Хүйтэн сэрүүний энэ үед  гүйлгэж суулгадаг ротавируийн халдвар  дэгддэг. Вакцин хийх үетэй давхцсан болохоос сөргөөр нөлөөлсөн юм байхгүй. Бид тандалтын журмаар нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт яаралтай тусламжаар үзүүлж буй хүүхдийн 90 хувьд суулгалт, бөөлжих шинж тэмдэг илэрсэн байсан. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүлээн авахад ирж буй хүүхдийн 50-60 хувьд нь ротавирус байсан. Тэгэхээр гадуур ротавирус,  интервирусийн суулгах шинж тэмдэг байгаа гэсэн үг. Энэ вирусээс сэргийлэх гол арга бол зөвхөн гарын ариун цэвэр.