Өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар хүчит бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Н.Мустафаг цолыг 110 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар мялаах ёстой гэсэн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ...дугаар тогтоол гарчээ. Улмаар нээлттэй тендер зарласан нь сошиал орчинд дуулиан тариад байна. Энэхүү тогтоолыг баталсан гэх аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржантай бид утсаар холбогдож мэдээллийг баталгаажуулав.
-Улсын начин Н.Мустафад аймгийн төсвийн мөнгөөр 110 сая төгрөгөөр орон сууц авч өгөх гэсэн тендер нийгмийн сүлжээнд анхаарал татаж байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Тендер зарлах эсэх нь аймгийн Засаг даргын мэдлийн асуудал. Харин тогтоолыг бол манай аймгийн 39 төлөөлөгч хамтдаа гаргасан. Тив, дэлхий, улсын хэмжээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулах, бодит дэмжлэг үзүүлэх гэсэн Аймгийн ИТХ-ын тогтоол 2016 онд гарсан байдаг. Тэр ёсоор аймгийн зүгээс өмнө нь хоёр ч бөхөд байр олгож байсан. Сурын харваагаар үзүүрлэсэн тамирчин, хурдан морины уралдаанд амжилттай морио уралдуулсан уяач, Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг ч бид тэрхүү тогтоолын дагуу шагнаж урамшуулсан байгаа.
-Нутгийн зөвлөл өгч болоогүй юм уу. Заавал улсын төсөв, аймгийн санхүүгээс гаргах шаардлагатай гэж үү?
-Нутгийн зөвлөл автомашин бэлэглэсэн. Тогтоол шийдвэрээр л амжилт гаргасан тамирчнаа урамшуулсан юм шүү дээ.
-Цар тахалтай, эдийн засаг хэцүү үед больчихож болдоггүй хэрэг үү?
-Тогтоол нь өөрөө 2016 онд гарсан. Өмнө нь буюу 36 жилийн дараа манай аймгийн Улсын цолтон төрж, Б.Баатарцол начныг бид хоёр өрөө байраар урамшуулж байсан. Дараа нь Б.Серик начныг ч мөн аймгийн зүгээс хоёр өрөө байраар шагнаж байлаа. Эхний хоёр бөхийг нь шагначихаад, дараагийн улсын цолтноо шагнахгүй байж болохгүй шүү дээ.
...Тэрбээр ийм хариулт өглөө. Бид тогтоолын дагуу нээлттэй тендер зарласан гэх Аймгийн Засаг дарга А.Гылымхантай утсаар холбогдон энэ асуудлыг тодруулахад “Аймгийн ИТХ-ын гаргасан тогтоолын дагуу нээлттэй тендер зарласан. Дэлгэрэнгүй мэдээллийг Д.Бауыржан дарга өгнө” хэмээлээ. Улсын начин Н.Мустафад зориулсан начин цолыг мялаах наадам өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит Өлгий хотын төв талбайд зохион байгуулагдсан билээ.