ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь гарцаагүй Ц.Элбэгдорж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-29

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, хэвлэлийн хурал хийлээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр томилогдсон цагаас эхлэн маш олон сэтгүүлч ярилцлага авах хүсэлт гаргажээ. Тиймээс хүсэлтүүдийг нэгтгэж байгаад нэгдсэн байдлаар хариулт өгөх нь зөв гэж үзсэн гэдгээ хэлж байсан юм. Түүний сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.

-Та АН-ын гишүүнчлэлээ хэзээ сэргээх вэ?

-Нэг буруу ойлголт яваад байгаа нь намайг АН-аас гарсан гэж ойлгосон явдал. 1992 онд МУИС-ийн багш байж байгаад АН-д элссэн. Би намаасаа гараагүй. Харин 2020 оны сонгуулийн өмнөхөн удирдлагын цөөхөн хэдхэн хүн намайг намаас хассан шийдвэр гаргасан юм билээ. Би арай ч хасаагүй байлгүй дээ, намын дарга байсан, ялалтад хүргэж байсан хүн шүү дээ гэж лавлахад хассан гэдэг хариулт өгсөн. Манай намын удирдлагууд энэ шийдвэрээ залруулах байх аа. Манай намын жирийн гишүүд та намдаа байх ёстой гэдэг юм.

-Та шударга ёсны хонгил байдаг гэдгийг анх зарласан хүн. Үүнийг нураахын тулд ажиллана гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх байхдаа нурааж чадав уу. Ерөнхий сайдтай хамтарч ажиллаж чадсан уу?

-Их хуралд би гурван чиглэлээр ажиллаж байгаа. Ардын нам зөв зүйл хийвэл хамтраад ажиллана. Хонгилыг нураахын төлөө би хамтраад ажиллаж байгаа. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгэмд шударга ёсыг тогтоох, хэрэг хийсэн хүн хариуцлага хүлээдэг болох чиглэлд хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай хуульд би ажлын хэсэгт нь орж ажиллаад, шинэчлэх гээд явж байна. Улс төрөөс хараат байлгах чиглэлд хуулийн төслийг батлуулна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхад улс төрийн хүрээнд МАНАН ихтэй байсан. Одоо үүнийг сарниулж байгаа ч дууссан гэж хэлэхгүй. Хийх ажил зөндөө бий. Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоог багасгасан гэж бодож байгаа. Зарим шүүгч нар л хонгилын шүүгч болсноос үүдэж хүмүүсийг хэлмэгдүүлж байсан. Гэхдээ үүнийг алга болголоо гээд эсрэгээрээ ҮАБЗ-ийн гурван улстөрчийн нөлөөнд оруулж болохгүй. Тиймээс хараат бус байх чиглэлд шинэчилсэн хуулиар илүү их өөрчлөлт оруулах ёстой.

-Тантай хамт мөр зэрэгцэн зүтгэж явсан намын тань нөхөд эрхээ хасуулан хоригдож байна. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?

-Намайг олон жил хонгилоор шалгуулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Шүүх эхлээд гэрчээр асуудаг. Би хэдэн ч хэрэгт гэрчээр байцаалт өгч байснаа санахгүй байна. Дараа нь сэжигтэн, яллагдагч болдог. 2017 оны нэгдүгээр сарын 25-нд би яллагдагчаар татсан. Учир нь нэгдүгээр сарын 28-нд АН-ын даргын сунгаа болох байсан. Тэндээс гурав хоногийн өмнө намайг яллагдагч гэж Монгол Улс даяар зарлаж байлаа. Тэр үед маш том хонгил ажиллаж байсан шүү. Тэр хонгил хүн бүхэн дээр ажиллахгүй. Цаашдаа замд нь саад болж өрсөлдөж мэдэх, тодорхой хэмжээний мэдээлэлтэй, эсвэл АН-ын дарга, Ерөнхийлөгчид өрсөлдөж мэдэх цөөхөн хүний эсрэг хонгил ажилласан. Өнөөдрийн нөхцөл байдлыг би дүгнэж хэлж мэдэхгүй байгаа. Гэхдээ хонгил бүрэн нураагүй. Толгойг нь авсан ч их бие, гар хөл нь гээд зөндөө юм байх шиг.

-АН сөрөг хүчин байж чадахгүй байна гэдэг. Мөн шинэчлэл нь ямар шатанд явна вэ. Таны үед намын байрыг зарснаас болоод намын байргүй болсон гэх асуудал яригдаж байна шүү дээ?

-АН-ын бүлэг 11 гишүүнтэйгээс дөрөв нь дахин сонгогдсон, долоо нь шинээр сонгогдсон гишүүд бий. Яваандаа чангарах байх аа. Одоо шинэ учраас хараахан мэдээлэлгүй, мөн байр сууриа ч тогтож чадаагүй байх. Ардчилал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд үнэ цэнтэй зүйлийн төлөө явах байх аа. Би намын байраа зараагүй. Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариар ахлуулсан ажлын хэсэг гарч, Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр намын байрыг зарсан юм билээ. Надтай холбоод байхаар нь судалж үзэхэд Улаанбаатар банк авсан юм билээ. Дуудлага худалдаа нэрээр зарсан хэрэг. Долоон тэрбумын асуудал яригдаж байгаа гэсэн. Та бүхэн сурвалжлаад үзээрэй. Намайг АН-ын дарга байхад манай нам байртай байсан. Төв шуудангийн урд хоёр давхар байранд би ажиллаж байсан. Намд байрны том, жижиг огт хамаагүй. Би тэр байранд ажиллаад намаа ялалтад хүргэж л байлаа.

 

...АН-ын бүлэг 11 гишүүнтэйгээс дөрөв нь дахин сонгогдсон, долоо нь шинээр сонгогдсон гишүүд бий. Яваандаа чангарах байх аа. Одоо шинэ учраас хараахан мэдээлэлгүй, мөн байр сууриа ч тогтож чадаагүй байх. Ардчилал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд үнэ цэнтэй зүйлийн төлөө явах байх аа. Би намын байраа зараагүй...

 

-Нэг нам дангаар засагласан үед чөлөөт эдийн засгийг хэрхэн харж байна. АН-ын өнөөгийн чадамжийг ярих нь зөв байх. Ардчилал жижиг намын хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ?

-Би Их сургуулийн багш байхдаа АН-д элсэхдээ бадрангуй тэмүүлэлтэй орж байлаа. Тэр тэмүүлэл буураагүй байгаа. Явцын дунд гажуудал гарсан уу гэвэл гарсан. Олон хүний итгэж найдаж, туг гэж харж байсан хүмүүсээс болж алдаа завхрал гарсан нь үнэн. АН-ын мянга, мянган гишүүдийн итгэл үнэмшил ч дуусаагүй байх. Манай ард иргэдийн дунд ч дуусаагүй гэдгийг саяны орон нутгийн сонгуулиар харууллаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-д эргэж ирснээр танай нам илүү хүчирхэгжих болов уу. Та энэ шийдвэрийг хэрхэн харж байна?

-Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь гарцаагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэнтэй сөргөлцдөг хүн биш. Харин үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидалдаа танд нэлээд хатуу үг дайсан байсан. Энэ захидлын хариуд та юу хэлэх вэ?

-Би эх орноосоо урвадаггүй. Анд нөхдийн харилцаа эх орноо худалдахаас шал өөр. Хэрвээ намайг хэн нэгэн чи найзаараа үлдэх үү, эсвэл эх орон гэр бүлээсээ урвах уу гэвэл би анд нөхдөөсөө л холдоно. Амьдрал их баян юм билээ. Хүмүүс ирж л байдаг явж л байдаг. Эх орны эрх ашиг бол үндэсний язгуур эрх ашиг шүү дээ.

-2021 оны төсвийн талаар байр сууриа хуваалцаач?

-Энэ удаагийн төсөв цар тахлын үеийн төсөв биш ээ. “Ковид”-ын үе учраас хэцүү байна гээд яам, тамгын газрын барилга байшинг шууд зогсоох ёстой. 11 тэрбумаар яамны байшин барина гээд гурван тэрбумыг төсөвлөж байгаа нь хэрхэвч хүнд хэцүү цаг үеийн төсөв биш. Улсын өр зээл, төсөв мөнгөний байдлаар хаалттай хурал хийе гэж би санал өгсөн байгаа. Хаалттай хаалганы цаана хүмүүс хэвийн горимд ажилладаг байхгүй юу. Камер байхгүй бол тэд үнэнийг ярьдаг. Би Ч.Хүрэлбаатарт хэлээд байгаа цар тахлын хүнд цаг үед үр ашиггүй хөрөнгө оруулалтаа царцааж, хавтгайрсан халамжаа танаж болдоггүй юм уу гэж. Ч.Хүрэлбаатар уг нь хоосон толгой биш. 2005 онд намайг Сангийн сайдаар ажиллаж байхад манай Төрийн нарийн бичгийн дарга байсан. Тэр үед анх удаа төсвөө ашигтай гаргаж байлаа. Гэтэл одоо харин улс төрийн нөлөө ч юм уу, эсвэл сонгуульд зориулсан төсөв учраас тэр үү данхайлгачихсан. Үүнийгээ хаалттай хуралдаанаар ярих байх аа.

 

...11 тэрбумаар яамны байшин барина гээд гурван тэрбумыг төсөвлөж байгаа нь хэрхэвч хүнд хэцүү цаг үеийн төсөв биш. Улсын өр зээл, төсөв мөнгөний байдлаар хаалттай хурал хийе гэж би санал өгсөн байгаа. Хаалттай хаалганы цаана хүмүүс хэвийн горимд ажилладаг байхгүй юу. Камер байхгүй бол тэд үнэнийг ярьдаг...

 

-“Ачит-Ихт” компанийн маргаан юу болсон бэ. Та үргэлжлүүлэн тэмцэх үү?

-Би “Ачит-Ихт”-ийг авахгүй. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Би түүний төлөө тэмцэж байна. Би түүнийг авахгүй. Монголд байгалийн баялгийг дээрэмдэж байгаа хүмүүсийн эсрэг тэмцэнэ. Би П.Цагаан, Ц.Элбэгдорж хоёрын эсрэг тэмцээгүй. Сая ярилцсаар байгаад 34 хувийг нь төр авахаар болсон гэнэ. Уг нь төрд байсныг нь нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь ЕТГ-ын даргаар ажиллаж байхдаа байхгүй болгоод хувьдаа авчихсан юм билээ.

-Та ирэх сард болох намынхаа Их хуралд оролцох уу. Мөн намын даргад өрсөлдөх үү?

-Би намаас гараагүй гэдгээ хэлсэн шүү дээ. Намайг хассан бичгээ эргэж харсан тохиолдолд би хуралдаа орно. Манай намын жирийн гишүүд дэмжсэн тохиолдолд юу ч хийсэн болно. Би энэ намд их олон жил ажилласан юм шүү дээ. Нам ялагдах үед ганзагын наймаанд ч явж байлаа. Би олон уналт, ялагдлын дундуур явсан. Гэхдээ сайхан эх орныг өгсөн ардчиллын партизанууддаа хайртай.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжих үү?

-АН эхлээд зохион байгуулалтаа хийг. Дараа нь хэн дэвших эсэхээс хамаарч дэмжих эсэхээ шийдээд явна.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орно гэдэг асуудал явж байгаа. Дубайн гэрээний талаар мөн ямар бодолтой байна?

-2008 онд С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг баталж байхад би Засгийн газарт нь Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан. Бүр дэмжиж гараа өргөж байлаа. Мэдээж тэр гэрээнд алдаа оноо байсан байх. Гэхдээ гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх нь том мессеж болох юм гэсэн том бодлогоор бид дэмжиж байсан. Тэр гэрээ төгс төгөлдөр болоогүй учраас өөрчлөлт оруулах эрх нь Их хуралд бий. Дубайн гэрээ бол бүр өмнөхийг дордуулсан гэрээ шүү дээ. Үүнийг засах ёстой. Өнөөгийн Их хурал, Засгийн газар яаж ажиллахыг мэдэхгүй юм. Гэхдээ засаж, сайжруулах ёстой. Рио тинто ч гэсэн ямар нэг зүйл бодож байгаа байх аа.

-Та намаа шинэчилнэ гэж “Шинэ ардчилал” фракци байгуулж байсан. Одоо байгаа болов уу?

-Би жигүүрхэн байгуулаад байдаг хүн биш л дээ. АН гэж том нам байгаа шүү дээ. Их олон хүний бадрангуй тэмүүлэлд төвлөрсөн нам шүү дээ.

-Оюутолгойн ТУЗ-д нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад гурван гишүүн авсан. Гэтэл Н.Баганабанди үлдчихлээ. Үүнийг Ерөнхий сайд байсан хүний хувьд юу гэж харсан бэ?

-Би Ерөнхий сайд болоод Н.Багабандийг болиулж байсан. Дахиад байгаад байгаа юм уу. Оюутолгойн ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байх даа. Маш буруу. Би Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд байсан бол ёсзүйгээ бодоод улс орноо бодоод элдэв олон юм орноо бодоод больчих байсан. Арай үлдчихээгүй байлгүй дээ. Энэ бол ялзарсан систем. Би Ерөнхий сайд болоод олон хүнийг сольсон. Ер нь манай Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд хийж байсан хүмүүс гадаадын байгууллагаас хол байх хэрэгтэй. Болохгүй бол би Н.Багабандид захидал бичнэ. Хэл усыг нь мэддэг, мэдлэгтэй хүмүүс орох ёстой шүү дээ.