УИХ-ын ээлжит чуулганаар баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх нь ээ. Ингэснээр иргэн та ямар ч эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг дараалалгүй, хүнд сурталгүй авах боломж бүрдсэн юм.
Өрхийн эмнэлгийн жоронд дугаарлах ч шаардлагагүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй бүх шатны эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичих боломжийг хуулиар бий болгожээ. Мөн иргэн та өөрт хамгийн ойрхон ЭМДЕГ-тай гэрээтэй бүх эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломж бүрдсэн гэсэн үг. Энэхүү хуулийн төсөл өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн фэйсбүүк хаягаар эмийн сангаас шууд лайв хийх бөгөөд иргэдийн сонирхсон асуултад мөн хариулна гэлээ.
Өөрөөр хэлбэл, эмийн санд урьдчилан төсөв хуваарилахгүй, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх учраас эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй, цахим жорын хүчинтэй хугацаанд эмээ авах, эмийн санч танд эмчийн бичсэн худалдааны нэршлээр нь боломжит сонголтуудыг санал болгох юм байна.