ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Бямба гарагт тохионо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-05

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагт тохионо.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тохиодог юм. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ. 

Чөлөө учралт эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг эхийн ач цаглашгүй бөгөөд энэхүү дүйчин өдрийг бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг.

Монголчууд эрт дээр үеэс өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.

Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.

Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ. Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш хандуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм. Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэж монголчууд хэлдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг бэрх зүйл ертөнцөд үгүй билээ. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбуутивд эргэн залран ирсэн түүхтэй.

Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт замбуутивд үлдэх шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт Бурханы нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор Бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн гэдэг. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан Зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн Бурханы дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг.

Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ.

МБШТөв Гандан Тэгчэнлин хийдийн Хансүр, Гавж  Ё.Амгалангийн эцэг, эхийн ачийг санах тухай айлдахдаа:

  • Бүхий л үест хэн ачтай вэ гэвэл ээж, аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг нь ойлгосон цагт л ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Тэгээд миний ээж аав хоёр надад ачтай бол тэдний ээж аав бас ачтай. Тэдний ээж аав ачтай юм чинь тэдний ээж аав ч ачтай гэх мэтээр хамаг амьтан ачтай юм.
  • Эх гэдэг хүн ямар ачтай вэ гэдгийг сайн тунгаагаад үз. Ээж хүн бол хүүхдээ хөхүүлээд, шөнө уйлахаар нь ухас хийж босож аваад, хуурайлаад, хоолоо идэж чадахгүй болохоор нь өөрөө зажилж аманд нь хийж өгөөд, аль болох цэвэрхэн, хуурай юман дээр хэвтүүлээд л өдөр шөнөгүй аль чадлаараа энхрийлэн өсгөнө. Тэгээд махаа барж, биеэ эцтэл хөдөлмөрлөсөн олз бүхнээ, бүхий л сайн сайхан зүйлээ үр хүүхэддээ зориулдаг.
  • Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэл санааг нь тайван байлгах ёстой. Үгэнд нь орох хэрэгтэй. Үр хүүхдээ буруу юманд сургадаг эцэг эх ялангуяа Монгол оронд ховор шүү.
  • Бурхан багшийн сургаал номлолын суурь нь энэрэнгүй сэтгэлийн тухай юм. Бодь сэтгэлийг долоон шатлалаар үүсгэдэг. Эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан бол миний эх гэдгийг мэд, дараа нь ачийг нь сана, ачийг нь хариул, дараа нь асрамж сэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл, илүүтэй сэтгэл, бодь сэтгэлийг үүсгэдэг. Бас нэг бодь сэтгэл үүсгэдэг арга нь өөрийгөө бусдаар сольж боддог. Өөрөөр хэлбэл би зовж байгаа юм чинь тэр хүн ч бас зовж байгаа. Тиймээс тэр хүний зовлон ч арилаасай гэж бодох юм. Энэ хоёр аргаар бодь сэтгэл төрдөг.
  • Бурхан багш, Богд Зонхова, бидний нийтийн багш Өндөр гэгээн эцэг эхийнхээ тухайтад хийсэн сайхан үйлс, бас хамаг амьтны тусад хийсэн буян нь мянганаас мянганд, зуунаас зуунд өдийг хүртэл дуурсаж, хадгалагдаж чадаж байна. Бид бол өөрийнхөө тусыг хийгээд л байна. Тухайн үедээ сайн юм шиг боловч өөртэйгээ өнгөрөөд л дуусдаг. Гэтэл бусдын тусад хийсэн буян улам цуурайтаад л байгаад байдаг. Тиймээс ном судар уншсан ч бай, нэг эрих маани уншсан ч бай хамгийн түрүүнд би эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад энэ буяныг хийе гэсэн сэтгэлийг үүсгэх ёстой. Тэгээд буянаа хийж дуусаад энэ буянаа эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан төгс гэгээрсэн бурханы хутгийг олох болтугай гэж зориулах хэрэгтэй.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрийг тохиолдуулан МБШТөв Гандантэгчилэн хийдэд дараах үйл ажиллагаа явагдах тул өргөн олноороо хүрэлцэн ирэхийг урилаа.

11 дүгээр сарын 7-ны өдөр:

06:30 - Тэгчэн сожин 

08:00 – 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуган/

08:00 – 17:00 Дэмчогийн чого  /Очирдарийн дуган/

12:00 Бурхан багшийн эхийг ачийг хариулсан дүйчин өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц/ 

12:20 Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/

12:40  “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж/