Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-өөс мэдээлснээр сүүлийн гурван өдөр коронавирсийн халдвартай 12 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Сүүлийн гурав хоногт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрсэн. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн таван хүнээс, 11-р сарын 7-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын иргэн 59 настай эрэгтэйгээс вирус илэрлээ. Мөн 10-р сарын 8-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 56 настай эрэгтэй, Беларусийн иргэн, 52-той монгол эрэгтэйгээс коронавирус илэрсэн. Мөн 30, 31, 33 настай Монгол Улсын иргэд эрэгтэй жолооч нар халдвар авсан нь батлагдлаа. Хиагтад хяналт сул байгаа нь харагдаж байна. Монгол жолооч нар Улаан-Үдийн орчимд чөлөөтэй зорчиж, бараагаа цуглуулж байна. Хилийн цаана хяналт сул байна” гэлээ.
Харин халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй, ажиглалтад байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 386 тохиолдол батлагдсанаас 317 нь эдгэрсэн. Гурав хоногийн хугацаанд 4 хүн эдгэрч дараагийн шат руу шилжсэн бол нэг хүн хүнд байгаа аж. Харин долоон иргэний биеийн байвал хүндэвтэр байгаа гэлээ.