ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-18

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг богиносгож өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо.

Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өчигдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгалаа.