Сурагч, оюутнуудын улирлын амралт, онлайн, теле хичээлээр оруулах асуудлыг БШУ-ны яамнаас ирэх долоо хоногт УОК-т танилцуулахаар болжээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ, "ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 18-нд, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх хуваарьтай байгаа. Гэхдээ БШУ-ны яамнаас оюутан сурагчдын өвлийн амралтыг наашлуулах асуудлыг ирэх долоо хоногийн УОК-ын хуралдаанд оруулахаар боллоо. Сургуулийн дотуур байрны ариутгал халдваргүйтгэл, оюутны хоол хүнсний асуудлыг Засгийн газраас шийдсэн. Зарим их дээд сургуулийн оюутны дотуур байранд голомт байх магадлалтай гэж үзэж байгаа учир БШУ-ны яам Эрүүл мэндийн яамтай хамтран оюутнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Ирэх 12 дугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэм дуусгавар болсон тохиолдолд орон нутгийн оюутнуудыг гэр рүү нь явуулахаар тусгай баг бэлтгэл ажлаа хийж байна гэлээ.