ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буйдан дээрээс шүүмжлэх амархан, гэвч...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-19

Улаанбаатар хотод коронавирусын тархалт дэгдэж эхэлснээс хойш олон ч хүнд энэ үгийг хэлмээр санагдах болов. Учир нь онцгой цаг үе биш байсан ч төрийн гаргасан шийдвэр бүхэн тэр чигээрээ нийтэд таалагдах албагүй билээ. Хэн нэгний эрх ашиг зөрчигдөж, хэсэг бүлэг нь заавал эсэргүүцдэг учраас цар тахлын цаг үед бид хүссэн ч эс хүссэн ч төрийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шаардлага тулгарч байгаа юм.

Вирусын голомтыг намжаахын тулд хатуу хөл хорио мөрдөнө гэсээр байхад л хүмүүс эмнэлгийн ажилтай, хүнс хоолоо цуглуулах ёстой, иргэдийн мэдэх эрхийг хангана гэх мэтээр талаар дүүрэн тааваараа бэлчихээр шахалт дарамт үзүүлэх асуудал ч бишгүй үүсч байна. Харин энэ бүхний дараа тэд өвчин авчихвал төрөө зүхэж, занах нь тодорхой биз. Биднийг төр хэдэн сар жилээр хорих гэсэнгүй. Зөвхөн 14 хоног л гэртээ байгаад өгөөч хэмээн гуйж байна. Гэтэл зарим нь ганган машинаараа төрийн албан хаагчийг дайрах гэж улайрсан асуудал ч үүслээ. Угтаа зовж үзээгүй ард түмэн цар тахлын үед төрөлх араншингаа харуулж байгаа нь тэр биз. Бидний төлөө нойр хоолоо умартан, ар гэртээ ч харих завгүй ажиллаж байгаа 14000 хүний хөдөлмөрийг талаар болгохгүйн тулд, тахлын халдварыг таслан зогсоохын тулд 14-хөн хоног тэсчихээч хэмээн гуйсаар байхад л хулгайгаар хөдөө явж, хүнсний тээвэрт нуугдан өвчин тараахаар санаархаж, хөл хориог үл тоон хэсэж тэнэж, архидсаар байх юм. Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн араас нулимах хүртлээ ухамсарын доройтолд оржээ.

Даанч дээ, монголчууд минь. Бид яасан ч арилсан дотортой, амин хувиа хичээсэн, асуудлыг ойлгохгүй болчихсон дүүрсэн тэнэг хүмүүс болоо вэ. Ардчилсан улс орон гэдгээрээ түрий барьж, Төрийн ордондоо Ерөнхий сайдыгаа, сайд нарынх нь хамт байцаах эрх бидэнд олдож байгаад баярлах нь зүйн хэрэг биз дээ. Гэтэл цар тахал гэж мэдэгдээд байхад л гудамжаар явж иргэдтэй уулзана хэмээн дайрах нь яаж ч бодсон зөвтгөх, өмөөрөх шалтгаан биш билээ. Бид болгоомжтой, сэрэмжтэй, мөн ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндийг боддог байх ёстой.

 

...Зөвхөн 14 хоног л гэртээ байгаад өгөөч хэмээн гуйж байна. Гэтэл зарим нь ганган машинаараа төрийн албан хаагчийг дайрах гэж улайрсан асуудал ч үүслээ. Угтаа зовж үзээгүй ард түмэн цар тахлын үед төрөлх араншингаа харуулж байгаа нь тэр биз...

 

Анх энэхүү өвчин дэгдсэн БНХАУ гэхэд л бүх нийтээрээ тэг зогсолт хийж, хүнсний үйлчилгээг хүртэл хүргэлтээр өгч байсныг эргэн санацгаая. Өвчин туссан иргэдийг гэрт нь модоор даруулан хадах арга хэмжээ авч байв. Харин Монголд л гэртээ байгаад өгөөч хэмээн төрийнхөн нь аргадан гуйж, хүн бүхний таалалд нийцүүлэхийн тулд гаргасан шийдвэрээ өдөрт хэдэн удаа өөрчилж байна. Цар тахал цаг минутаар нэмэгдэж байгаа тохиолдолд төрийн шийдвэр хэдэн ч удаа өөрчлөгдөж мэдэх учраас таны эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг гэдгийг санацгааж, жаахан хамжааргатай, хязгаартай байцгаая, монголчууд аа.

Буйдан дээрээ суугаад зурагтаа үзэж буй хүн бүхэнд төрийн шийдвэр таалагдахгүй. Гэхдээ буйдан дээр суух завгүй ажиллаж байгаа хүмүүст буруу зөрүү алдаа гаргах, бухимдах асуудал гарах нь мэдээж. Тэр бүхний тоолонд ажлыг нь ав хэмээн улстөржиж, манай дарга мундаг гэсэн арчаагүй пиар хийх хэрэг байна уу, бодох л асуудал шүү. Шүүмжлэх зүйл ч зөндөө бий. Мэдрэмжгүй, уялдаа холбоогүй байдлаасаа болж адлуулж байгаа нь үнэн. Гэлээ гэхдээ энэ хүмүүс өөрсдийнхөө төлөө биш бидний төлөө тэрхүү шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг цаг ямагт санаарай. Хотын иргэдийн гаргасан шийдвэрийг нь бус цамцны захаа босгосныг, бусдын төлөө нойргүй ажиллаж буйгаа хэлснийх нь төлөө огцруулъя, онлайнаар гарын үсэг цуглуулъя хэмээн улстөржих нь яг энэ цаг, энэ мөчид инээдтэй, эмгэнэлтэй улс төр болон харагдаж байна. Бид зүгээр нэг хамрын ханиадтай тэмцэж байгаа юм биш. Секундээр тоолон хүний амийг авч оддог, Монгол Улс шиг хоёр улсын хүн амтай дүйцэхүйц хүний амийг авч одсон цар тахалтай тэмцэж байна. Гэтэл гаргасан шийдвэр бүхнийг муулж, миалж, гайтай хөөтэй хэмээн доромжлоод байхад хэн ч тэсэрнэ, бухимдана. Гагцхүү тэр үйлдлийг олон гаргахгүйн тулд бид шийдвэрт нь хүндэтгэлтэй хандаж яагаад болохгүй байна вэ.

 

...Тэр бүхний тоолонд ажлыг нь ав хэмээн улстөржиж, манай дарга мундаг гэсэн арчаагүй пиар хийх хэрэг байна уу, бодох л асуудал шүү. Шүүмжлэх зүйл ч зөндөө бий. Мэдрэмжгүй, уялдаа холбоогүй байдлаасаа болж адлуулж байгаа нь үнэн...

 

Улаанбаатар хотод хөл хорио тогтоосноос хойш бухимдах зүйл бишгүй л олон гарлаа. Төрийн шийдвэр ч бидний хүссэнээр гарсангүй. Халамж гэхээс илүү хоногийн хоолгүй зүдэрч суугаа иргэндээ төрийн шийдвэр наалдсангүй. Үүнийг хэвлэлийнхэн бичиж сануулж, зарим нь увайгүй зан гаргалаа хэмээн адлуулсан ч улстөрчдийн өмнөөс тулж сууж байгаад асуулаа, харин хариултаа авч чадсангүй. Асуудлын учиг нь сэтгүүлчийн гаргасан огцом араншингийн үйлдэл бус төрөөс дэмжлэг хүлээн бухимдаж байгаа ард түмний төлөө байсныг ойлгох нэг нь ойлгох биз ээ.

Яг л түүнтэй адилхан бидний төлөө гаргасан шийдвэрийг нь ойлгохгүй, эсвэл ойлгохыг ч хүсэхгүй бол хэн ч зүй ёсны шаардлага тавина, чанга хатуу дуугарна. Төрийн төмөр нүүрийг ч харуулна. Тиймээс 14 хоног аятайхан байж, цаашдаа олон сараар хөл хорионд орохгүйн тулд шийдвэрт нь хүндэтгэлтэй хандаач хэмээн гуйж байна. Бидний үр хүүхэд хэнэггүй хүмүүсийн муйхар үйлдлээс болж дахин хөл хорионд орж, өвчин тусах ёсгүй учраас хөршдөө, хамаатандаа, хамт амьдардаг хүн бүхэнд шаардлага тавьцгаая. БНХАУ-д гэр бүлийн бүх хүнээ алдсан нэгэн бүсгүй “Биднийг гэртээ байгаад өгөөч хэмээн эртхэн гуйхгүй дээ” хэмээн уйлж байсан бичлэг дэлхий дахинд цацагдсан. Европын улс орны иргэд төрийн шийдвэрээ үл хүндэтгэн гадаа гудамжиндаа жагсаж, нойлын цаасанд очерлож зогссоны хар гайгаар хэдэн сая иргэнээ энэ өвчнөөр алдлаа. Цар тахлын гуравдугаар шатанд тэд сая л гэртээ байх нь хамгийн зөв алхам гэдгийг ухаарч байна. Харин монголчууд бид мэдрэмжтэй ажилласан хэдэн хүний буянаар нэг, хоёрдугаар давалгааг сөрж зогсож чадсан. Энэ өвчний эсрэг яаж тэмцэх вэ гэсэн асар их мэдээллийг ч авчихсан. Вакцин ч хаяанд ирчихэж. Дэлхийн бусад орны туршлагаас ч суралцах боломж олдсон билээ. Тиймээс гэртээ байя, дархлаагаа дэмжье. Буйдан дээрээс шүүмжлэх амархан, харин буйдандаа хэвтэх завгүй шийдвэр гаргах амаргүй юм шүү.