ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.ТУВААН: БҮХ ЗҮЙЛ ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ЯВЖ БАЙГАА

O.Admin
2020-12-16

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “одоогийн байгаа АН-ын удирдлага дүрмийн бус” гэж сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсантай холбогдуулан уг асуудлыг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанаас тодрууллаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ “Дүрмийн дагуу огцорч байна” гэж хэвлэлийн хурал хийж, танд тамгаа хүлээлгэж өгч байсан нь саяхан. Гэтэл сүүлийн үед таныг дүрмийн бус хүн гээд хэвлэлд ярилцлага өгсөн байна?

-УИХ-ын сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн. Тус сонгуулиар манай нам УИХ-д олонх болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох Намын дарга, Дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ процесс болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Дүрмийнхээ дагуу тухайлбал, Намын үндсэн дүрмийн 5.17.6.1 дэх заалтын дагуу миний бие өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгээд явж байгаа. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл байх. Та бүхэн ч тухайн үед харсан байх. УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга “би хариуцлагаа хүлээж огцорч байна” гэдгээ зарласан. Өөрийн биеэр надад тамгаа гардуулж өгсөн шүү дээ.

Одоо дүрмийн бус гэж хэлснээр дүрмийн бус болчихдог ч эд биш. Мөн би  дуртайдаа, хүсэл сонирхолтой доо ч намын даргын үүргийг гүйцэтгээд байгаа юм биш. Бүх зүйл дүрэмд заасныхаа дагуу явж байгаа.

/С.Эрдэнэ: Үндсэн дүрмийн дагуу Ардчилсан намын тамга, даргын эрх мэдлийг энэ намын дэд дарга, сая УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна/

- АН-ын гишүүд дэмжигчдийн зарим нь дүрмээ өөрчлөх шаардлагатай, зарим нь дүрмээ өөрчлөх шаардлагагүй гэж нээлттэй хэлэлцэж байна. Намын одоогийн удирдлагын зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулиар АН томоохон ялагдал хүлээлээ. Энэ ялагдлын дараа маш олон гишүүд, дэмжигчдээс намын дүрэмд алдаа, дутагдал байна. Өөрчлөх хэрэгтэй гэж саналаа хэлэх болсон. Үүний дагуу 2020 оны долоодугаар сарын 24-ний өдөр намын Үндэсний Бодлогын Хороо хуралдсан. Энэ хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан шийдвэр гарсан юм. Мөн энэ хуралдаанаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр намайг томилсон. Ингээд намын гишүүдээсээ санал авч эхэлсэн. Намын гишүүдийн 90 орчим хувь нь намын дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс АН-ын намын X их хурлыг 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдуулахаар тов зарласан юм. Харамсалтай нь энэ үед ковид-19 буюу цар тахлын халдварыг дотооддоо манай улс алдлаа. Түүнээс болж бүх нийтийн хөл хорио тогтоосноор энэ хурал өнөөдрийг хүртэл хойшилж байна.

 

...Өөрчлөх хэрэгтэй гэж саналаа хэлэх болсон. Үүний дагуу 2020 оны долоодугаар сарын 24-ний өдөр намын Үндэсний Бодлогын Хороо хуралдсан. Энэ хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан шийдвэр гарсан юм...

 

Өнөөдрийн байдлаар зэрэглэлийг нэг шат бууруулсан хэдий ч олон нийтийн хурал цуглааныг хорьсон хэвээр байна. Гэтэл жилийн эцэс болж байна. Сонгуульт гишүүдийн маань татвар, тайлангийн асуудал хөндөгдөж байна.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ердөө зургаахан сарын дараа болохоор хүлээгдэж байна. Энэ хугацаанд ковид-19 дуусахгүй нь тодорхой учраас энэ өвчинтэй дасан зохицож ажил амьдралаа явуулахаас өөр аргагүй болж байна. Тиймээс цахимаар намын их хурлаа хуралдуулах шийдвэр дээр тогтоод байна. Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд “намын үндсэн дүрмээ цахимаар хуралдаж өөрчилье. Намын даргаа сонгох хурлаа харин төлөөлгчдөө нэг дох цуглуулж хуралдуулъя” гэсэн санал асуулгууд явуулсан. Энэ асуудлаар намын гишүүдийн 80 гаруй хувь нь цаг алдалгүй дүрмээ шийдье гэсэн санал өгсөн учир цахимаар хуралдахаар болсон.

-Үндэсний Бодлогын Хорооны хурал энэ сарын 17-нд, үүний дараа намын их хурлаа хийх гэж байна. Энэ нь дүрмийнхээ хүрээнд явж чадаж байна уу? Нууц биш бол ямар асуудал хэлэлцэх вэ?

-ҮБХ гэдэг бол намын эрх барих дээд байгууллага. ҮБХ-ны хурлыг зарлах эрх нь намын даргын эрх, үүрэг эдэлж байгаа хүнд байдаг. Тэр дагуу миний бие энэ сарын 17-ны өдөр ҮБХ-ны хурлыг зарлаад байна. Энэ хурлаар намын их хурлаар хэлэлцэх асуудал, редакц, тооллогын комиссыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр зарласан. Ийм үед намын  хуучин удирдлагуудын зүгээс ҮБХ-ны гишүүд рүү “Намын цахим хурлыг битгий дэмжээрэй” гэж ярьж байна. Зарим ҮБХ-ны гишүүдэд “мөнгө өгье” гэж хүртэл хэлсэн байна. Энэ тухай манай гишүүд над руу утастаж хэллээ. Үүнд л их харамсаж байна.

Ингэж ярьж байгаа хүмүүс өмнө нь “наймдугаар сарын 16-ны өдөр намын даргын сунгааг явуулъя. Наймдугаар сарын 22-ны өдөр одоогийн ҮБХ-ны гишүүдийг ротацид оруулъя” гэж ярьж явсан хүмүүс шүү дээ. Тэгэхдээ маш олон суудалд буюу ҮБХ-ны 340-өөд гишүүдийн суудалд ротаци явуулъя гээд сонгуулийг нь зарлаад явж байсан хүмүүс эргэж яриад та бүхэн цахим хурлыг "эсэргүүцээч, хойшлуулаач" гээд яриад явж байгаа нь үнэхээр зохисгүй, ёс зүйгүй үйлдэл болж байна гэж харж байна.

Намын амьдрал бол өдөр тутам үргэлжлээд явах ёстой. Энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр, үйл ажиллагаа ганц ч дүрэм зөрчөөгүй. Бүгд баримттай нотолгоотой явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.

-АН-ын их хурал 18, 19-нд хуралдах гэж байна. Энэ их хурлаар гол ямар асуудлыг шийдэх вэ?

-Намын их хурал чухал нэг л асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шийдвэрлэнэ. Түүнээс биш одоогийн ярьж байгаа шиг дарга, цэргийн асуудал хэлэлцэхгүй. Эсвэл Ц.Туваан цаашдаа намын дарга болоод явах асуудлыг шийдэхгүй. Энэ ташрамд нэг зүйлийг нэмээд хэлэхэд миний бие намын дараагийн дарга болохгүй. Дүрмээрээ хариуцлага хүлээх хүний нэг учраас үүнийг албан ёсоор хэлье.

-Та намаа ялагдсаны дараа хүнд үед нь намын даргын үүрэг гүйцэтгэгчийн албыг хүлээж авсан. Ямаршуухан нам хүлээ авав даа?

-Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь ч хэлсэн. Одооч хэлье өөрийн гэсэн байргүй. Маш их өртэй. Дээрээс нь ямар ч эд хогшилгүй нам хүлээж авсан. Шуудхан хэлэх юм бол гэрээсээ хөөгдөөд гарч байгаа хүн шиг л бид гудманд гарсан. Яг ийм байдалтай л өгсөн. Үүнийг манай намын гишүүд, ҮБХ-ны гишүүд бүгдээрээ мэдэж байгаа. Тухайн үед болсон ҮБХ-ны хурал дээр ч гэсэн маш олон гишүүд энэ байдлыг ярьж, хэлж байсан. Биднээс татвар гэж авсан мөнгө хаашаа оров. Аудитын дүгнэлт, тайлан хаана байна гэдэг олон асуудлуудыг тавьж байсан. Энэ бол бодит үнэн. Ийм намыг хүлээж авсан.

 

...Шуудхан хэлэх юм бол гэрээсээ хөөгдөөд гарч байгаа хүн шиг л бид гудманд гарсан. Яг ийм байдалтай л өгсөн. Үүнийг манай намын гишүүд, ҮБХ-ны гишүүд бүгдээрээ мэдэж байгаа...

 

-Намын хурлын төлөөлөгчдөө хэрхэн сонгож байгаа вэ?

-Дүрмийнхээ дагуу сонгож байгаа. Намын их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгож явуулна уу гэж аймаг, нийслэл, дүүргийн намууд руу албан хүсэлтээ явуулсан. Их хурлын нийт 1206 төлөөлөгч энэ удаагийн их хуралд онлайнаар оролцоно. Энэ дагуу нийслэл, аймаг, дүүргийн намууд сум, хороодын үүрүүд төлөөлөгчдийнхөө нэрсийг нэг бүрчлэн гаргаад ирүүлсэн байна. Дүрмийн төсөл гишүүдийн гар дээр очсон. Хурлын бэлтгэл ажил бүрэн хангасан.

-Цахимаар хуралдах боломжтой юу?

-Бид дэлхий нийтэд тархсан цар тахлын үед хуралдах гэж байна. Тиймээс цахимаар хуралдахаас өөр арга алга. УИХ хүртэл 2021 оны төсвийг  цахимаар батлаад явж, болж байна. Мөн олон улсын байгууллагууд, гадаадын том том хурлууд хүртэл цахимаар хийж болж байна. Технологийн дэвшлийг ашиглаад 3-4 мянга, цаашлаад 12 мянган хүнтэй хурал хүртэл цахимаар хийж болж байгаа. Тиймээс бид технологийн дэвшлийг ашиглаж намынхаа их хурлыг хийхээр болоод байна.

Үүнээс өмнө намынхаа цаг үеийн асуудлыг цаг алдалгүй шийдээд явъя гэсэн үүднээс мөн гишүүдийнхээ хүсэлт дээр үндэслэн 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй сумдын намын үүр, 172 хороодын намын үүрийн дарга нартай цахимаар хуралдаж нэг бүрчлэн саналыг нь авсан. Эдгээр хурлаас 85-90 хувийн  саналаар намын их хурлаа цахимаар зохион байгуулъя гэдэг саналыг авсан.