Өмнөговь аймагт өчигдөр автомашинаас буугаад сураггүй алга болсон иргэнийг Онцгой байдлын газраас эрэн хайж байна.
Тодруулбал, тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” ХХК-ийн жолооч Н-ийн жолоодож явсан ачааны автомашинтай хамт зорчиж явсан тус компанийн жолооч Х /52 настай, эрэгтэй/ нь арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болжээ.
Сураггүй болсон дуудлагыг тухайн өдрийн 22:48 цагт онцгой байдлын газарт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 25-ны өдрийн 03:20 цагт түр зогсоосон. 12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.