Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2738 дуудлага мэдээлэл хүлээн авч 799 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 124 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 17,4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.
“Нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын дагуу ЕБС, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын, тоглоомын талбайд хийсэн хяналт шалгалтаар НМХГ-ын даргын 02-01/1805 тоот мэдэгдлийг 32 хорооны Засаг дарга нар, 18 боловсролын байгууллага, ААНБ, 13 иргэн, 72 СӨХ-д хүргүүллээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжны явган хүний зам хаасан “Жинхэнэ уянга” ХХК-ийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж, тус компани нь нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоон зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах, Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулахыг анхааруулав.
Мөн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг сар болгон танилцуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.