Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 11,170 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 109 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,481 болж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлаар нь харвал, Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна. Өнөөдрийн байдлаар нийт 668 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 615, хүндэвтэр 46 байна” гэв.