Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн есөн дүүрэгт байгуулсан 35 цэгт 48 дархлаажуулалтын баг нийтдээ 420 гаруй эмч, мэргэжилтэн вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30,446 хүнийг вакцинд хамруулсан бол зөвхөн өчигдөр 9,470 хүнийг вакцинжууллаа. Вакцинд хамрагдсан хүмүүсийн, 47.7 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч,ажилтнууд, 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид эзэлж байна. Мөн 11.3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилчид, үлдсэн нь дайчлагдан ажиллах хүмүүс болон худалдаа, үйлчилгээний газруудын ажилчдыг вакцинжуулаад байна. Одоогоор вакцин хийлгэсний дараа ноцтой урвал, хүндрэл мэдээлэгдээгүй. Вакцин хийлгэсний дараа илрэх хариу урвалууд нь вакцины зааварт тусгагдсан хэмжээнд байна. Тухайлбал, вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 60 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрнэ гэж вакцины зааварт мэдээлсэн. Мөн 40-50 хувьд нь хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрнэ” гэв.