Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.
Тэрбээр хурлын эхэнд “Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Ийм үед ямар бодлого барих вэ гэдгийг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ. Засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногт вакцины нөөц бүрдүүлэх, дархлаажуулалтыг эхлүүлэх, эдийн засгийг үе шаттай нээх, ажлын байрыг хамгаалахад гол бодлогоо чиглүүлж байсан. Харин 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан. Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцуулсан. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хуулийн төсөл боловсруулна” хэмээн онцоллоо.
Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, өнөөдрийн уулзалтад эдийн засгийг сэргээх чиглэлд хэрхэн ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тухайлбал, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин хувийн хэвшлийн ААН-үүдийнхээ саналыг нэгтгээд хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнд өгсөн. Сангийн яам нэгтгээд явж байгаа гэсэн бол нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “ААН-үүдэд ямар асуудал тулгамдаж байна вэ. Үүнийг нарийвчилж гаргах ёстой. Ингэхгүй бол эдийн засгийг сэргээхээр ажиллах явцад хуулийн ойлгомжгүй байдал үүснэ. Олон хуультай энэ хууль яаж уялдах вэ. Ойлгомжгүй олон асуудлыг арилгаж байж энэ хууль урагшилна. Үндэсний хороодыг Ерөнхий сайд ахалж байгаа нь цаг үеэ олсон явдал. Одоо гаргах хуулийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах зохицуулалтыг нарийвчилж тусгаж өгөх шаардлагатай. Үүнийг шийдчихвэл бизнесийн хамтын ажиллагаа саадгүй явна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн тус үйлдвэр энэ жил 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсныг хэлж байв. Мөн “Ковидын болон дараах үеийн төлөвлөгөө гаргасан. Манай үйлдвэр менежментын засаглалаа сайжруулснаар 2024 онд 5.8, 2028 онд 12 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Одоогийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, экспортын хэмжээг 150 сая ам.доллараар 2024 он гэхэд нэмэгдүүлнэ” гэлээ.
Үндэсний хорооны бүрэлдэхүүнд багтсан төлөөллүүд саналаа ийн хэлсний дараа Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тодруулбал, уг хороо цар тахлын үеийн эдийн засгийг даван туулах улирлын төлөвлөгөө гаргах, хуулийн төсөл боловсруулах, мөн гадаадын хөрөнгө оруулагч болон хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэх ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар боллоо. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар дээрх хорооны ажлыг дэмжих, хуулийн төсөл боловсруулцах ажлын хэсэг УИХ-аас байгуулах юм байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар