Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна тоглож байсан гурван настай хүүхэд сураггүй болсон билээ. Улмаар, энэ тухай дуудлагыг сумын цагдаагийн албан хаагчид, 16-ны өдрийн 05.35 цагт хүлээн авсан аж.
Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр орой буюу 22:29 цагт тус багийн “Уст толгой” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олжээ.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид мөн хүч нэмэгдүүлэн ажилласан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.