УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Булгантуяа, Т.Доржханд, М.Оюунчимэг, Э.Батшугар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулсан бөгөөд энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хуулийн төслийн гол санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ “Төрийн ордон бол иргэдийн ордон. Энэ ордонд нэвтрэхийн тулд хувцаслалтын ямар дресс код мөрдөх ёстойг журмаар зохицуулсан байдаг. Энэ журмыг өөрчлүүлэх асуудлаар 10 гишүүн нэгдэж, дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн явж байсан.
Хаана ямар журамд өөрчлөлт оруулах вэ гэдгээ бэлдэж байлаа. Улмаар хүүхдүүдийг пүүзтэй нэвтрүүлнэ, нэвтрүүлэхгүй гэдэг асуудал гарч ирсэн шүү дээ. Тиймээс бид асуудлаа өргөн барихаар Засгийн газарт явууллаа. Энэ хувцаслалтын асуудал биш. Төр иргэндээ яаж хандаад байгаа юм бэ гэдэг асуудал. Хэн ч залуу байдаг. Би хоёр жийнс, нэг пүүзтэй явдаг л байлаа. Гэтэл гишүүд сонгуулиар хувцас харгалзахгүй уулзаж, гэрт нь орох шахуу сонгоод өгөөч гэж гуйчхаад сонгогдсоны дараа ажил дээр нь ирээд уулзах гэхээр “Хувцас чинь жаахан биш байна аа” гэж хэлдэг байж болохгүй.
Иргэдийг хувцсаар ялгаварлах журам байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Жинсэн өмдөд л дургүй хүмүүс. Залуусын өдөр бүр л өмсдөг хувцас. Гэтэл хуучин коммунист сэтгэлгээ арилахгүй байна. Барууны капиталистуудын өмсдөг хувцас гэж үздэг байсан сэтгэлгээнээсээ салахгүй байна л гэсэн үг. Иргэд нэвтэрч ордонтой танилцах, сонгогч орж ирээд гишүүдтэйгээ уулзах мөн өөр журмаар зохицуулагддаг. Эдгээр журмыг өөрчилнө гэж итгэж байна.
ТЕГ, ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газар, ЕТГ гээд тус бүрийн журмыг өөрчлөх байх гэж итгэж байгаа” гэлээ. Төрийн ордны хамгаалалтын алба гишүүдийн саналыг хүлээн авч, эерэгээр өөрчлөх болно гэдгээ мөн мэдэгджээ. Харин Төрийн ордонд ажиллаж буй иргэд журамд заасны дагуу албан хувцастай ажлаа хийх юм байна. Мөн гадны оператор, зураглаач нар хүнд зүйл үүрч явдаг учраас жинсэн өмд, чөлөөт хувцастай байх асуудлыг ч мөн журмыг өөрчлөх асуудлын хүрээнд ярих ажээ.