Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 1-нээс эхлэх болсон тухай мэдээлэл цахимд тархсан.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой холбогдон тодрууллаа. Тэрбээр “Сурагчдын амралтын хуваарьт ямар нэг өөрчлөлт ороогүй. БШУ-ы сайдын А/38 дугаар тогтоолын дагуу сурагчдын амралт хуваарийн дагуу эхэлнэ. Эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цахимаар тархсан байсан” гэлээ.
Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.
Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл хоёрдугаар сарын 14-ний-өөс дөрөвдүгээр сарын 01 хүртэл үргэлжилж,мөн сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
-1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
-4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
- 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.