ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-15

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Амартүвшин нараас яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. 

Улмаар яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлын талаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн хариуцсан эмч нарын тодорхойлолтууд, тус эмнэлгийн Комиссын шийдвэр, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хэргийг мөрдөж хяналт тавьж байгаа мөрдөгч, прокурорын санал, яллагдагчийн зүгээс гаргасан “...биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү..." гэсэн өргөдөл зэргийг харгалзан үзэж, цагдан хорих арга хэмжээг өөрчлөхөөр шийдвэрлэжээ. 

Мөн яллагдагч нь өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна” гэж Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд амаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн гэв. 

Өөрөөр хэлбэл, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусталх хугацаанд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.