Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 эрдэнэт хүний амь хохирсон байна.
Зөвхөн 2022 оны долоодугаар сард гэхэд л мотоциклтой холбоотой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүн амиа алдлаа.
Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал асфалтан зам дээр бус шороон зам дээр, малын бэлчээр, хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Мөн хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолооддог нь осолд холбогдох үндсэн шалтгаан болж буйг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Энэ төрлийн осолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.