Засгийн газар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй Улаанбаатар хотын 34 мянган хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байна. Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхдээ түрээсийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэгүүдийн тоог нэмэх зарчим баримталж байгаа юм. Энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг өнгөрсөн долоодугаар сарын 28-наас авч эхэлсэн. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд энэ сарын 15 хүртэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой юм.
Одоогийн байдлаар долоон дүүрэгт 181 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байгаа ажээ. Цэцэрлэгийн хүртээмж багатай Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүлжээ.