ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Болормаа: Аймгийн Засаг даргын үүрэг хариуцлагын гүнээ ухамсарлаж байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-09-02

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр 29-хөн настайдаа ажиллаж байсан Э.Болормаа гэх бүсгүй баруун хязгаар тэр тусмаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх томоохон үүрэг даалгавар Ерөнхий сайдаас авч, Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон билээ. Мөн аймгуудаас анхны эмэгтэй Засаг дарга болж буй гэдгээрээ ч онцлог. Дэлхийн томоохон группуудад том төслүүд дээр ажиллаж байсан, АНУ-д боловсрол эзэмшсэн гээд олон зүйлээр анхаарал татаж байгаа учраас түүний үг үйлдэл бүр олны анхааралд оров. Тэгвэл өнөөдөр тэрбээр, аймагтаа очиж ажиллахаар явж буйгаа дуулгалаа.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд хот руу нисэх гэж байна.

Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна.

Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно.  Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.

Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй.  Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээжээ.