ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дипломыг хуурамчаар үйлддэг, баталгаажуулдаг, системд бүртгэдэг сүлжээ үүссэн

O.Admin
2022-09-06

БШУЯ, МХЕГ хамтран 6 сарын турш ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууслаа. Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.

Шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг тогтоолоо. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байгаа. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлнэ. Гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтооно.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл

  • 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/
  • 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн
  • 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил
  • 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс
  • 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа
  • Бусад

Бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдлаа.

Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө.

Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана.