ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сошиал попролт Б.Бат-Эрдэнээс явсангүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-09-08

Төрийн алба эрхэлж буй хэн нэгэн сошиал хэт идэвхтэй байдгийн сөрөг тал нь хүн бүхний таалалд нийцэх гэж зовдог асуудал. Хэн нэгэн өөрийг нь тааглаж байгаад асуудал хөндөөд тавьчихвал хариулт өгөхөөс өөр аргагүй болно. Хариулт өгөхгүй бол өнөөх асуудлыг уухайлан дэмжигч, эс бөгөөс хамтрагч болчихно.

Яг энэ зовлонг эдэлж яваа нөхөр бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ. НАМЗХ-ноос ажлын гараагаа эхэлж, намын дунд, дээд шатанд алба хашиж явсаар ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас мөнгө идсэн уусан хэрэгт нэр холбогдоод амжсан. Дараа нь ШӨХТГ-ын даргаар томилогдсон ч төрийн ажлаас илүү сошиалын попролт нь хэрээс хэтэрчихээд байж билээ. Ямар сайндаа л ах, эгч нар нь сайдын албан тушаалд томилохдоо “Алив хүү минь тэр сошиал дэмийрлээ мартаж, ажлаа хийж үзээрэй” хэмээн аминчлан гуйх билээ.

Гэвч “Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй” гэдэг шиг сайд болоод ч поп зангаа хаяж чадсангүй. Нэг хэсэг сошиалаас хол байж ажил хийх гэж оролдсон ч сурсан зангаа тавьж чадахгүй сургаар ажлаа хийдэг болоод удав, энэ сайд. Тэр тусмаа яамны чиг үүрэгт нь түм буман асуудал байхад Мэргэжлийн хяналтын хэдэн байцаагч нарын ажлыг булааж авч хийгээд зав алга.

Б.Бат-Эрдэнэ сайдын ганц ярьдаг зүйл нь самар болов. Бараг л өөрөө Богд уулаар тэнэж, самарчдыг барьж байгаа тухайгаа л өдөр шөнөгүй постолсоор. Бүр самарт явсан иргэдийн 80 хувь нь үхэж байна хэмээн олон нийтийн телевизээр ярьж попорлоо. Ямар дайн байлдаантай улс биш дээ. Учиртай цуурмаарсан. Сошиал солиорол хэрээс хэтрэхээрээ ийм аюултай.

Бэлдээд өгсөн материалыг зөв уншаад, зөв ойлгуулж чадаагүй учраас өдгөө амьтны элэг доог болж суугааг нуух юун. Аж амьдралаа залгуулах гэж уулын модонд авирч, нүдэж, хуш модыг гэмтээж буй самарчидтай сайд нь биш салбар эрхэлсэн газрынх нь албан хаагчид уг нь тэмцэх ёстой юм. Энэ чиглэлд ажлаа хийх үүрэгтэй Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч бас бий. Комедиан Д.Идэр-Од ч энэ ажлыг өнгөрсөн жил ганцаараа бараг хийчихсэн. Гэтэл доод, дунд шатны ажилчдынхаа өмнөөс ажлыг нь булааж хийгээд зогсохгүй түүнийгээ өөрөө ч ойлгоогүй олон нийтийг айлгаж, дэгсдүүлж ярьж явна гэдэг буруу хандлага. Байгаль орчны салбарт мянга түмэн тулгамдсан асуудал бий. Сэтгүүлч Ж.Баттуулын хөндөж буй Петрочайнагийн асуудлаар энэ хүн өдөр шөнөгүй дуугарч байвал алгаа ташихсан. Гэтэл доод албан тушаалтанд үүрэг өгсөн гэдэг ганцхан хариулттай. 

Сэтгүүлч Д.Даваадуламын хөндөж буй Дэлгэрмөрөн голоос хайрга, дайрга олборлож буй аж ахуйн нэгжүүд хүрээллээ улам бүр тэлж, энэ гол ширгэж устах аюулд орсон асуудлыг хөндөж, түүний талаар өдөр бүхэн пост бичвэл үргэлж дэмжихсэн. Хөдөө нутагт дураар дургиж буй байгаль орчныг сүйтгэгчидтэй тэмцмээр байх юм аа. Өвөл хаяанд ирсэн энэ үед яндангаа зөв хөөлсөн эсэх, утааны улирал эхлэхэд түлш хүрэлцээтэй эсэх асуудлаар сошиалд идэвхтэй байхсан.

Тусгай хамгаалалттай газар нутагт дураар дургиж буй Зэд-Ханатай-Бүтээлийн нурууны хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуундаа хариуцлага тооцож чадахгүй атлаа хэдэн жижиг албан тушаалтнуудаа сэлгэн ажиллуулах нэрийдлээр сольж, өөрчлөөд зав алга. Хамгийн сайхан нь манай сайдад асуудал бүрд хариулт өгдөг нэг “эрхэм” чанар бий. Асуудлыхэн нэгэн хөндөөд тавихаар “Шалгаж байгаа. Хэлсэн байгаа. Хариулт удахгүй өгнө. Анхааралдаа авсан байгаа" гэдэг хэдхэн гоё үгтэй.

Гэвч 2022 оны нэгдүгээр сарын 07-ноос хойш бүтэн найман сарын хугацаа өнгөрчихөөд байхад эрхэм сайд самрын хэдэн отгийг албадан буулгахаас өөр ажил хийсэнгүй ээ. Д.Болорчулуун албан тушаалдаа хэвээр. Петрочайна дураад дургисан хэвээр. Дэлгэрмөрөн гол ч удахгүй ширгэх байх, энэ байдлаараа. Зунжингаа л Хөвсгөл далайн хог цэвэрлэх Ерөнхийлөгчийн санаачилсан ажлаар далай давхиснаас өөр ажил хийсэнгүй.

Өвөл хаяанд ирсэн энэ цагт хамгийн завгүй байх ёстой сайд нь та юм шүү гэдгийг төгсгөлд нь сануулъя. Энэ бол эрүүл шүүмжлэл. Залуу хүний эрч хүчээр салбарынхаа нэн тулгамдсан асуудлыг зөв олж хараад эрч хүчтэй хамгийн гол нь попрохгүй ажилламаар байна, сайд аа. Самарчидтай тэмцэж болохгүй гэж хэлэх гэсэнгүй ээ. Гагцхүү асуудлаа зөв хөндөж, анхаарах асуудлаа эрэмбэлж сурмаар байна. Сошиалд таалагдах гэж бус ултай суурьтай ажлаа хиймээр байна. Утааны улирал хаяанд ирлээ. Угаартаж, хөлдөж амиа алдах эрсдэлтэй иргэдэдээ анхааръя. Хөвсгөлийн портер хогонд бус хоргодож, ширгэж буй гол мөрөнд анхааръя. Богд уулыг хэрсэн хууль бус газрын наймаачидтай тэмцмээр байна. Гаргасан тушаалаа гурав өөрчлөх биш газрын луйварчдаа хашраамаар байна. Нүхэн жорлонтой, бохир заваан амралтын газар нэртэй архичдын үүр оромжоо цэгцлэе. Эрхэм сайд та ажлаа авахдаа агаарын бохирдлын асуудалтай газар дээр нь очиж тэмцэнэ гэсэн. Үүнийг чинь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж, танхимдаа үлдээсэн нь лавтай. Сайдаар хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна хэмээж билээ. Харин тэр цаг хугацаа чинь урагшилсаар, та харин нэг газраа байсаар л...