Хуульзүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг өчигдөр өөрийн нүүр номын хуудастаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гэж ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс элдэв шагнал, гаьяатын тэмдэг зүүж өгдөгөө одоо болимоор юм.
Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээн жиргэсэн билээ. Энэ нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн асуудал бөгөөд эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхсан гэх асуудалд нэр холбогдоод байгаа юм. Хошин урлагийн гавьяатууд энэ хүнд хариуцлага тооцохыг мөн сануулсаар байгаа юм.
Тэгвэл П.Сайнзориг энэхүү жиргээндээ албан ёсоор байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Би тийм өнцгөөр хэлээгүй л дээ. Хүнийг ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, ядуу зүдүү байдлаар ялгаварлаж байгаа асуудал их байна. Бид хэвийн юм шиг боддог. Гэтэл энийг хэвийн мэт харагдуулах ойлголтыг хүүхэд залууст өгч болохгүй гэдгийг бичсэн. Хошин урлаг ёсзүйтэй байх ёстой.
Тодорхой сэдэв хөндөж байгаа бол сэдвээ л хөндөх ёстой байхад архидалт хэвийн зүйл шиг үзүүлж байгаа нь буруу. Урлагийнхан агуулгадаа анхаарах ёстой. Хэн нэгнийг доромжилсон зүйл байхгүй. Хөдөө орон нутгийн оюутнууд хүртэл ярианы аялгаасаа болж ялгаварлан гадуурхалтад өртдөг. Тийм зүйлийг урлаг өөрөө өөгшүүлж болохгүй юм. Тиймээс бухимдсан. Цаашдаа сөрөг үзэгдлийг бий болгохгүй байх үүднээс анхаарах л ёстой” хэмээжээ.