Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр УЕП тэргүүтэй хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзан нүүрсний хэргийг илрүүл, чадахгүй бол УИХ, Засгийн газраа огцруулж ажлаа өгөөд явцгаа хэмээн бухимдсан билээ. Энэхүү уулзалтын дараа УЕП-ын газраас мэдээлэл хийхдээ “Нүүрсний гэх тодотголтой нийт 21 хэрэг байгаа. Авлига, албан тушаал, мөнгө угаалт зэрэгтэй холбоотой үндэслэлээр, Эрүүгийн хуульд заасан зүйл ангиудаар шалгаж байгаа.
Өнөөдрийн байдлаар найман хэрэгт холбогдуулж, 41 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс гурван хэрэгт холбогдох, 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо яллах дүгнэлт үйлдэж байгаа хоёр хэрэгт холбогдох 12 хүний хэрэг мөрдөн байцаалтын явцад байна. Цаана нь зургаан хэрэг бүртгэлтийн ажиллагаа үлдэж байгаа” хэмээсэн билээ.
Тэгвэл өчигдөр шөнөөс эхлэн ЦЕГ болон АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, 27 обьектод нэгжлэг явуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон хамаарал бүхий найман хүнийг цагдан хорьсон гэх мэдээллийг анхлан polit.mn сайт гаргалаа. Тодруулбал, Б.Ганхуягийг эхнэр, эгч, хүргэн, компанийнх нь албаны дарга С.Энхтөр, "Хишиг арвин индустрал" компанийн захирал Б.Хишигдорж тэргүүтэй найман хүнийг баривчилжээ. Б.Ганхуягийн тухайд Төв талбайд болсон жагсаалыг санхүүжүүлсэн буруутнаар нэрлэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Энэ жагсаалын ард Б.Ганхуяг болон Монголын оюутны холбооны удирдлагууд байсан" хэмээн мэдэгдсэн юм.