ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлийг АТГ-аас шалгаж дуусчээ

O.Admin
2022-12-08

СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлийг АТГ-аас 2021 оны 08 сараас эхлэн шалгаж, өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон, улсад  1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан  гэж үзээд шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал Л. Насанцэнгэлийн  төрсөн дүү болох Л. Н нь 2006 оноос туслах сувилагчаар 11  жил, сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтанаар таван жил нийт СЭМҮТ-д 16 жил ажиллаж байгаа бөгөөд дүүгээ сэргээн засах ажилтанаар 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Б/28 тушаалаар өөрчлөн ажиллуулсан гэдэг үндэслэлээр  шалгаж байсан юм.

Монгол улс сэтгэцийн тусламж үйлчилгээг  тусгайлсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу явуулдаг. Энэ хуулийн 3.1.12 болон 7.1.6-д Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой гэж заасан байдаг...бол уг  хуулийн 5.1.8-д Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын байрыг бий болгохоор ч заасан байдаг байна. Мөн Засгийн газрын баталсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр /2009-2019/, Эрүүл мэндийн Сайдын “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” 180 тоот тушаалд ч Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, өргөжүүлэхийг үүрэг болгосон тушаал шийдвэрүүд гарсан байдаг.

Дээрх тушаал шийдвэрүүдийн дагуу төвийн үйл ажиллагааг өргөтгөх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн төрсөн дүү Л.Н-ыг 2017 онд туслах сувилагчаас Донтолтын тасагт сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтнаар ажиллуулах болжээ. Тус тасаг нь архины болон бусад донтох эмгэгтэй хүмүүсийнхээ эдгэрлийг сайжруулахын тулд соён гэгээрүүлэх сургалтанд эмчлүүлэгчдийг үргэлжлүүлэн 14 хоног суулган, долоо хоног бүр бүлгийн цуглаанд хамруулан идэвхижүүлэх, хийсэн ажлаа ярилцах, мэдрэмжээ нээх, архигүй тэмцээн уралдаан, архигүй шинэ жил, агаар салхинд явах, алхалт хийх зэргээр нийгэмд бүтээлч хэрэгтэй ажлууд хийж, нийгэмшүүлэн эдгэрлийг нь удаан хугацаанд барьдаг эмчилгээ юм. Энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш хийж байгаа бөгөөд өдрийн эмчилгээний ачаалал ихэсч 1800 гаруй хүн 5-аас дээш жил архи уухгүй, архигүй амьдрал, нийгмийн харилцаанд суралцаад явж байдаг байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн алба 1929 онд үүсэн байгуулагдаад 1934 оноос Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсээр иржээ. 2001 оноос тусгайлан сэтгэц нийгмийн сэргээн засах тасаг ч ажиллаж тэнд байдаг ажилтангуудаа  Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтан буюу реабилитатор гэж нэрлэн, зарим үед ч тасаг бүхэнд реабилитатор ажилладаг байжээ. Тэдний цалин мэргэжилтэн биш учраас мэргэжилгүй  “ажилтан” гэдгээрээ асрагчийн цалинтай яг адилхан байдаг байна.  Манай улсад Сэтгэц нийгмийн сэргээн засах мэргэжлээр төгсөлтийн өмнөх сургалт хийдэггүй, төгсөлтийн дараах богино хугацааны сургалт ч  байдаггүй, мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас байгууллага өөрснөө ажилтнаа  дотооддоо сургалт хийн ажиллуулсаар 88 жил болж байгаа юм байна.

Л.Н-т сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтнаар  ажиллах явцад давуу байдал бий болоогүй, харин ч эрх зүйн байдал нь дордож, сард ажиллах өдрийн тоо нэмэгдэж, илүү цагийн хөлс багассанаар нийт цалин буурсан  нь шалгалтаар тогтоогдсон байна.Тодруулбал  Л.Н нь 2017 оны 03 сараас 2022 оны 03 сар хүртэлх  5 жилийн хугацаанд нийт 67.474.511 /жаран долоон сая дөрвөн зуун далан дөрвөн мянга таван зуун арван нэгэн/ төгрөгийн  цалин авсан байна. Хуучин ажиллаж  байсан туслах сувилагчаараа ажилласан бол 85.115.334 төгрөгийн  цалин авах байсан ба 5 жилийн хугацаанд 17,640,812 төгрөгөөр Л. Н нь бага цалинжжээ. Л.Н  нь 2017 оны 03 сард 414.050 төгрөгийн сарын үндсэн цалинтай, 2022 оны 03 сард 616.629 төгрөгийн сарын үндсэн цалинг Засгийн газрын тогтоосон цалингийн шатлал зэрэглэлээр, бусад ажилтнуудын адил авчээ. Харин ЗГ-ын 24-р тогтоолоор 2019 оны 9 сараас Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтаны  цалин нь сарын 37,700 төгрөгөөр нэмэгдсэнээр  5 жилийн үндсэн цалинг туслах сувилагчийн үндсэн цалинтай нь  харьцуулбал Л.Н нь 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгөөр илүү байгааг улсад учруулсан хохирол гэж үзжээ.

 Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалд  “Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтан” гэж бүртгэгдээгүй /зөвхөн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, уламжлалт анагаахын сэргээн засалч байгаа/ гэх үндэслэлээр  НПГ-аас  шүүхэд шилжүүлэн шинээр албан тушаал бий болгосон гэж 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирлыг төлүүлэн, 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноожээ.

СЭМҮТ  2013 онд Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийхэд архинд донтох эмгэг 1984-1992 оны судалгаатай харьцуулахад 40 дахин нэмэгдсэн байдаг. Иймээс донтолтын тусламж үйлчилгээг илүү хөгжүүлэх, иж бүрэн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байж, донтох эмгэгтэй хүнийг эмчлэх шаардлага үүссэн байдаг. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хийхгүй зөвхөн эмийн эмчилгээ хийгээд орхивол дутуу эмчлэгдээд өвчин нь дахих эрсдэл өндөр байдаг байна.

Л.Насанцэнгэл нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 32 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд АШУҮИС-ын сэтгэцийн тэнхимд багш, СЭМҮТ-д эмчилгээ эрхэлсэн дэд захирал, ерөнхий захирлаар ажиллаж, 190 гаруй эрдэм шинжилгээний бүтээлтэй, олон  шавь нартай, АУ-ны доктор, профессор, салбарын манлайлагчдын нэг билээ.  Тэрээр ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч   2022 оны 05 сараас тэтгэврээ тогтоолгожээ. 

Эх сурвалж: hardnews.mn