УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Мөнхбат, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нар өнөөдөр УИХ-аас баталсан Уул уурхайн биржийн тухай хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, УИХ-аас баталсан Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсанаар нүүрсний хулгай цэгцэрч, энэ салбар нээлттэй, үр ашигтай болохоос гадна 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Тавантолгойн 1072 хувьцааг эзэмшүүлэх, тус хувьцааг олон нийтийн хяналтад оруулах боломж бүрдсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.
Тэрбээр, “Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний хулгайг зогсооход энэ хууль маш чухал юм. Үүнээс гадна тогтоол гаргаж 1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэх, олон нийтийн хяналтад оруулах тогтоолын төслийг удахгүй Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх юм. Үүнээс гадна төрийн авлига, хээл хахууль, хүнд суртлыг багасгах том шинэчлэлийг хийж байгаа. Тухайлбал,1600 гаруй тусгай зөвшөөрлийг цэгцэлж, 320 тусгай зөвшөөрөл болгосон. Ингэснээр иргэдэд очих хүнд суртал, авлигыг бууруулж байгаа. Хөрөнгийн бирж дээр нүүрсээ нээлттэй арилжаалах асуудлыг мушгиж, хувьчилна гэх мэдээлэл тараасан нь ташаа мэдээлэл шүү” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ярихдаа “ТӨК-ийн удирдлагууд хэнд хэр хэмжээтэй нүүрс хэдэн төгрөгөөр зарах вэ гэдгийг тогтоодог байдлыг энэ хуулиар цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн бирж дээр нүүрсний борлуулалт явуулахаар хуульд заасан бөгөөд тус бирж нь хувьцааныхаа 34 хувийг нээлттэй арилжаалахаар болсон байгаа.
Санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулна гэснийг хувьчлах гэж байна гэх мэтээр шүүмжилж байна. Тийм зүйл байхгүй. Энэ нь хувьцааны ханшийг тогтвортой, үнэ цэнтэй байлгах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэв. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэхтэй холбогдуулан УИХ-ын цөөнгүй гишүүд эсэргүүцсэн бөгөөд мөнгөтэй хэсэг бүлэг нь хувьцааг худалдан авч болзошгүй хэмээсэн аж. Гэвч тийм боломжийг хуулиар бүрдүүлээгүй хэмээлээ.