Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж томуугийн өвчлөл болон эмнэлгийн нөхцөл байдлын талаар өнгөрөгч 14 хоногийн мэдээллийг нэгтгэж өглөө.
Тодруулбал, нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж. Хүүхдийн түргэн тусламжийн утсанд ирсэн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ.
Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн гэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав.