УИХ-аас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэллээ. Уг сонсгол нь энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм.
Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ. Хамгийн эхэнд "Бэрэн" групп ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр дараах асуулт хариулт өрнөлөө.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -"Бэрэн" трейд ХХК-ийн данснаас 2018 оны нэгдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны данс руу тус бүр 50 мянган ам.долларыг зузаатгал гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө "Бэрэн" группээсээ "Бэрэн" трейд рүү, "Бэрэн" трейдээсээ Б.Мөнхтөрийн данс руу шилжүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан байна. Та үүнтэй санал нийлэх үү?
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Гангийн үйлдвэр барих явцдаа туслан гүйцэтгэгчидтэйгээ уулзах, томилолтоор явах гээд гээд хувийнхаа данснаас зарлага хийх шаардлага гардаг. Миний хувийн дансанд зузаатгал нэрээ орж байгаа боловч төсөлдөө зарцуулагдаж байгаа гэж ойлгож болно. Зарим газраас худалдан авалт хийхэд бэлнээр тооцоо хийх шаардлагатай болдог.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Б.Мөнхтөрийн данс руу шилжүүлсэн 1.5 сая ам.доллар зориулалтын бусаар зарцуулагдсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Та мөрийтэй тоглоом тоглодог уу?
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Би мөрийтэй тоглоом тоглодоггүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Та Макаогийн чөлөөт бүсийн казино дахь АТМ-ээс маш их зарлага хийж бэлэн мөнгө авсан байна. Тиймээс мөрийтэй тоглодог уу гэж асуусан юм. 2018 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлээд Сингапур дахь казиногийн АТМ-ээс бэлэн мөнгө авсан байна.
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Үүнийг би баримтаар нотлох болно.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Таны хувийн данснаас гарсан байна шүү дээ. Та өөрөө авсан юм уу, үгүй юм уу?
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Та энэ зээлийг авахдаа нөлөө бүхий албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий хүний дэмжлэгийг авсан зүйл байгаа юу?
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Надад улс төрийн дэмжлэг байхгүй. Гангийн үйлдвэрийн төслөө хаана танилцуулсан бүх хүн дэмждэг. Монгол Улсад гангийн үйлдвэр хэрэгтэй гэдэг үүднээс надад зээл олгосон гэж боддог. Улс төрийн нөлөөлөл бол байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Та УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай гэдэг хүнийг таних уу?
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Танина. Манай Архангай аймгаас сонгогдож улс төрд оролцож явсан хүн шүү дээ. Тиймээс манай Архангайнхан бүгд танина.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Та энэ хүнтэй Макао, Сингапурт уулзаж байсан уу?
"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр: -Сингапурт таарч байсан.