Хөгжлийн банкнаас зээл аваад өгөөгүй аж ахуйн нэгж, компанийн талаар сонсгол зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, “Газ импорт” ХХК нь 2017 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй, чанаргүй зээлдэгчийн тоонд багтаж байна.
Нийтдээ 7.9 тэрбумын зээлийн өртэй бөгөөд Гүйцэтгэх захирал П.Мягмардорж гэхэд л 1.3 тэрбум төгрөгийн хувьдаа гарган авч, юунд зарцуулсан нь тодорхой бус байна. Харин компанийн данснаас гарсан 231 сая төгрөгөөс гэхэд л Таванбогд компани руу машин авахаар 80 сая, хувьцаа эзэмшигчийн хувийн данс руу 90, 10 сая төгрөг шилжүүлсэн, нисэх онгоцны зардал зэргийг төлж байжээ.
Шинжээч: -2017 оны аравдугаар сард 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Гадаад худалдаа, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Харин хаягдал хог үйлдвэрлэх зорилгоор зээлдэгчид хүсэлт тавьсан. Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө Х тайлан гаргаж авсан бөгөөд төд удалгүй зээлд хамрагдсан байгаа юм. Тус компани нийт 7.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд чанаргүй зээлдэгчийн тоонд багтаж байгаа. "Газ импорт" компани зээл авснаас хойш өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Одоо хэр нь нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байна. Үүнийг би мөнгө угаалт гэж хараад байна. Үүнээс болж ард түмэн хохирч байгаа юм. Зээлийг яагаад зориулалтын бусаар зарцуулсан юм бэ.
Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: Гэрчийг Д.Ганбат гишүүн бид хоёр үсдээд чирээд сонсголд оролцуулах боломжгүй. Тус компани талаарх мэдээлэлд МАН-ын байрны түрээсийн төлбөрт тэрбум гаруй төгрөгийг төлсөн гэдгийг шинжээчийн мэдээллээр нотлох баримтын хүрээнд үндэслэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Монгол Улсын Хөгжлийн банк зээлүүдийг олгохдоо хуулиа зөрчсөн байна. Мөн зээлдэгч нарт тэгш бус ханджээ. Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, чанаргүй зээлдэгч, олон болжээ. Ийм тохиолдолд арилжааны банк иргэдэд зээл олгохгүй. Харин Хөгжлийн банк ард түмний мөнгөөр тоглосон байна.