ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөнгө угаасан хэрэгтнүүд зээлээ зориулалтын дагуу төлсөн хэмээн мэлзэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-01-18

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 1741000360244 дугаар хэрэгт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийг хууль бусаар концесс эзэмшигчээр шалгаруулсан, хууль бус “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” концессын гэрээний улмаас төрийн өмчид их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд “Кью Эс Си” ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, 2022 оны өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн билээ. 

Тэгвэл өнөөдрийн нээлттэй сонсголд тус компанийн төлөөлөл оролцож, мэдээлэл өглөө. Асуулт хариултаас тоймлон хүргэж байна. 

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: Та зээлээ зориулалтын дагуу гэж хэллээ. Сая шинжээчийн зээлийн зарцуулалтыг харцгаая. 2014 онд нийтдээ 71.3 сая ам.доллар Хөгжлийн банкнаас авсан. Энэ зээлийн тал буюу 36.5 сая ам.доллар нь Улаанбаатар хотын банкны Монголбанк дахь долларын дансны зузаатгах байдлаар зарцуулагдсан. Үүнийг зориулалтын гэж үзэж байна уу? 

"Кью Эс Си" компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Шижир: Үүссэн байсан зээлүүдээ хаасан. Зээл хаасны дараах гүйлгээ манайд хамаагүй.

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: Худалдаа хөгжлийн банк дахь 29.7 сая ам.долларын зээлээ мөн хаасан байна. өөрөөр хэлбэл, зээл хаасан гээд байгаа чинь тусдаа байна шүү дээ. 

"Кью Эс Си" компани Гүйцэтгэх захирал асан Э.Шижир: Эргэж харъя. Өмнөх мэдээллийг шалгахад үүссэн зээлийг хаасан л юм билээ. Энд гаргаад байгааг харахгүй байна. Зээл авахаас өмнөхийг харуулаад байх шиг байна. 

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: Та Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг захиралтай хамаарал бүхий этгээд мөн үү?

"Кью Эс Си" компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Шижир: Биш. Хамааралгүй.

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: "Кью Эс Си"-г "Quality steel corp" буюу оффшор бүсэд бүртгэлтэй компани эзэмшиж байгаа. Тус компанийг нэр бүхий таван компани эзэмшиж байсан. Түүний нэг нь болох 40 хувийг эзэмшигч "Стийл индастриал" компаний 100 хувийн эзэмшигч нь Э.Шижир байна. Өөрөө хэлбэл та "Стийл индастриал" компаниар дамжуулж, "Кью Эс Си" компанийг эзэмшиж байна гэж ойлгож болох уу?

"Кью Эс Си" компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Шижир: Болно.

Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: “Кью Эс Си” ХХК-д зээл олгох дүгнэлт гаргасан Актив, пассивын удирдлагын газрын ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил нь “Кью Эс Си” ХХК-ийн хамаарал бүхий этгээд төдийгүй ХХБ-ны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгч Д.Алтанцэцэгийн төрсөн хүү гэдгийг та мэдэх үү. Мөн А.Бат-Оргил нь "Кью Эс Си"-г эзэмшдэг компанийн таван хувьцаа эзэмшигч буюу "Оргилсмартсалюшн" компаний 100 хувийн хувьцаа эзэмшигч. 

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат: Тэр талаар ямар ч мэдээлэл байхгүй. "Кью Эс Си"-гийн зээл хуулийн дагуу олгогдсон. Улс төрийн ямар нэгэн нөлөө ороогүй. Миний мэдэхийн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бус "Кью Эс Си" ХХК-ийн өөрийн хөрөнгийг нь барьцаанд авч байсан. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Кью Эс Си" компанид өөрийн хөрөнгө байдаггүй байсан юм уу.  Яахаараа төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр эзэмшиж буй болохоос биш, тус төрийн өмчийн компанийн эзэмшлийн 130 тоннын даацтай "Белаз"-аас эхлээд, Ховог барьцаалдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь Төмөртэйн орд газрын үйлдвэрийг нь, мөн бэлэн ухаад гаргасан баяжмалыг нь барьцаалаад 71 сая ам.доллар авдаг юм бэ. Энэ нь баримтаар гараад ирлээ. Энэ дээр та бүгдийг тайлбарыг сонсмоор байна. "Кью Эс Си" барьцаалах хөрөнгөгүй, цаасны компани байсан юм уу? Хөгжлийн банкнаас асууя.