ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрдэнэс Монгол"-ын сайн жишгийг төрийн бүх албанд нэвтрүүлье

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-01-26

Жил гаруйн өмнөхөн алдагдалтай, ашиггүй ажилладаг, бараг л дампуурлаа зарлахад ойрхон болсон хэмээн хэвлэлээр цоллуулж байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага болох Д.Хаянхярваагийн өрөөнөөс их хэмжээний авлигын мөнгө илэрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлээд ялгүй үлдэж байсныг уншигч та санаж буй биз.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн бүх компани алдагдалтай, ашиггүй ажиллаж байна хэмээн наанаа зовлон тоочдог ч олсон мөнгө нь дарга нарынх нь албан өрөө, гэр оффисын сейфэнд хураалттай байдаг жишгээр асуудал өрнөсөн гэсэн үг. Тэнд ажиллаж байсан хүмүүс нь сэтгэлгүй, ТУЗ нэрийдлээр бүх мөнгийг нь цөлмөчихдөг учраас жил бүхэн алдагдалтай, ашиггүй ажиллаж байсан хэрэг л дээ.

Тэгвэл шинэ оны өмнөхөн Засгийн газар тус компанид менежментийн шинэчлэл хийж, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь чухамдаа нүдээ олсон шийдвэр болсон. Угтаа улстөрчдийн цүнх баригчид, сонгуульд нь ажилласан хэсэг хүмүүсийн ажлын байр бэлтгэх зориулалттай болоод байсан Төрийн өмчит компаниудад хамгийн сайн жишиг болж чадсан юм.

Нийтдээ 2-7 сая төгрөгийн цалинтай 71 ажлын байранд магистр, докторын зэрэгтэй, гадаад, дотоодод өндөр оноотой Их дээд сургууль төгссөн 2955 иргэн өргөдөл өгснөөс ажлын байрны шалгуур хангасан 2407 иргэн өнөөдөр шалгалтаа өгч байна. Шалгалт хоёр өдөр үргэлжилж, нэг ажлын байранд хамгийн өндөр оноо авсан 1-5 хүртэлх хүнийг ярилцлагад оруулан шалгаруулж авах юм байна. Ингэснээр төрийн албаны хүнд суртал, авлига горьдсон даргын царайг горьдож суухгүйгээр цэвэр мэдлэг, чадвараараа төрд өндөр цалинтай ажилд орох боломжийг хангаж өгч буй юм.

Төрийн алба төрлийн алба болох ёсгүйг, авлигаар аль эсвэл танил тал, даргад үйлчилсэн шагналдаа өндөр цалинтай ажилд очдог байдлыг энэ жишиг, сайн туршлага халж чадах нь ээ. 71 мэргэшсэн, өөрийн чадвараар ажиллах хүмүүс “Эрдэнэс Монгол”-д ирснээр сайн засаглал бий болох учиртай.

Засгийн газар өнгөрөгч онд зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-доо төрийн өмчит компаниудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, сайн боловсон хүчин бэлтгэх зорилго тусгасан. Үүний дагуу ШУТИС-д аж үйлдвэрийн цогцолборуудад хэрэгтэй байгаа дөрвөн мэргэжилтнийг шилдэг хөтөлбөрөөр бэлтгэж буй. Мөн 38 мянган инженер, техникийн ажилтан бэлтгэх хөтөлбөрөөс гадна гадны нэр хүндтэй их сургуулиудад анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалах оюутнуудад мөн Ерөнхий сайд анх удаа тэтгэлэг өлгөх шийдвэр гаргаад байна.

Ингэснээр Монгол Улс чадваргүй атлаа хүнд сурталтай, мэдлэггүй атлаа авлига авч, төрийн албаны нэр хүндийг унагаж буй хүмүүсээс салж чадалтай боловсон хүчнээр “цус сэлбэх” нь ээ. Цаашдаа “Эрдэнэс Монгол”-ын энэ сайн жишгийг Төрийн өмчит компаниудад хэрэгжүүлнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна билээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагддаг.

Иймд компанийг группын зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах, охин компаниудын засаглал, менежментийг сайжруулснаар төрийн алба цүнх баригчдаас ангижрах юм. Нээлттэй шударга байдлаар албан тушаалд очсон хүмүүсийн тоо ихсэх тусмаа улс төрийн хамаарлаас ангижрах учиртай. Ганц төрийн өмчит компани ч бус төрийн бүх яам, агентлагт энэ туршлагагыг нэвтрүүлэх шаардлагатай байна.