ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НАМЭХ-ны тэргүүний өрсөлдөөн Х.Булгантуяа, Ч.Номин нарын дунд өрнөх үү

O.Admin
2023-01-30

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит хурал өнөөдөр болж байгаа аж. Шинэ оны өмнөхөн намын Бага хурлын өмнө хуралдах тов зарлаад байсан ч дотоодын зөрчилтэй асуудлаас үүдэн хойшилж байлаа. Өөрөөр хэлбэл, НАМЭХ-ны тэргүүнд хэн очих вэ гэдэг нь маргаан үүсгэсэн учраас Бага хурлын өмнө дотоодын зодооныг ил гаргахгүй гэж хойшлуулжээ.

Энэхүү албан тушаалд өрсөлдөж буй гурван хүн байгаа бөгөөд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа нар намын дэмжлэг өндөр байгаа. Ч.Ундрам энэ албанд горилж байсан ч гэр бүлийн дотоод зодоон нь ил болсноор өрсөлдөөнөөс гарсан.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ ажлыг удирдаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэр хүнд нийгэмд унасан учраас намын чухал албан тушаалын нэг буюу эмэгтэйчүүдийн холбоог удирдах боломжгүй гэж үзжээ. Тиймдээ ч албан тушаалаас нь буулгах ёстой гэсэн байр суурийг намынх нь эмэгтэйчүүд илэрхийлсэн ч өөрөө харин “Би энэ албыг удирдах хэмжээнд бэлтгэгдсэн” хэмээн ажлаа өгөхөөс татгалзсан талаар эх сурвалж хэллээ. Гэвч шат шатандаа хариуцлага яригдах ёстой гэсэн Намын дүрмийн дагуу өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн асуудлаар хангалттай хэмжээнд ажиллаж чадаагүй хэмээн хариуцлага яригдах бололтой.

Д.Сарангэрэл гишүүний тухайд ХНХ-ын сайдын албан тушаал хашиж байхдаа өнгөрсөн жилүүдэд яамныхан энгийн иргэдийг “улны” буюу хамгийн доод түвшний гэж ангилж ирсэн гэх асуудлыг хөндсөн. Гэвч энэ нь эргээд өөрийнх нь эсрэг пиар болон хувирч, нийгмийн гарал, угсаагаар нь доромжилсон гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн билээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй хэмээн олон нийт хардаг билээ.

Тэгвэл энэ удаа Намын дарга Л.Оюун-Эрдэний зүгээс залуу, шилдэг боловсон хүчин тэр тусмаа нийтэд боловсрол, мэдлэгээр гологдохгүй хүнд эмэгтэйчүүдийн холбоог даатгах хүсэлтэй байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн зүгээс ч энэ саналаа Намын даргадаа уламжилжээ. Тэгэхээр гол өрсөлдөөн Х.Булгантуяа, Ч.Номин нарын дунд өрнөх нь ээ.