Ховд аймгийн ЕБС-ийн 8-р ангийн 15 настай сурагч охин бусдад зодуулж улмаар нас барсан хэрэг гарсан. Тодруулбал үе тэнгийнх нь гурван охин хохирогч охиныг нийлж зодон улмаар эмнэлэгт хүргэгджээ. Тухайн үед эмнэлгээс охиныг зүгээр гээд буцаасан ч арав гаруй хоногийн дараа нас баржээ. Задлан шинжилгээгээр охины тархи бяцарсан гэх дүгнэлт гарчээ.
Мөн охины гар утсанд " Энүүгээр дахин үзэгдвэл үгүй хийнэ шүү" гэсэн утга бүхий зурвас илгээсэн гэх. Одоогоор хэрэгт холбогдсон хүүхдүүдийг эрэн хайж байгаа аж. Хохирогч охины ээж орон нутгийнхаа "Ховд.мн" сайтад өгсөн ярилцлагадаа "Миний охин намайг эмнэлэгт явж байхад ярьсан. Би гурван хүүхдээр толгой руугаа цохиулчихлаа гэж ярьсан. Надтай ярих үедээ маш их айдастай байсан. Тэгээд тэр шөнө ахындаа хоноод, нэгдүгээр сарын 21-ний өдөр надтай уулзаад, бид хоёр хамтдаа хувцас авахаар гадуур явсан. 26-ны орой ч манайд ирсэн.
27-ны өдөр эгчийндээ хэвтчихсэн байна гэхээр нь намайг очиход маш их ядарсан, ярьж чадахгүй байсан. 103 ирээд явсан гэдгийг эгч нь хэлсэн. Би дахин 103 руу ярьсан ч "Наадах чинь зүгээр хүүхэд. Тархины зураг авсан. Хүүхэд чинь ханиадтай байгаа. Тархи нь цоо эрүүл хүүхэд" гэж хэлсэн. Тэгээд охин гэртээ харина гэхээр нь аваад ирэхэд шөнөжин бөөлжиж хоносон. Эмчийн бичиж өгсөн эмийн дагуу өгсөн ч зүгээр болоогүй. Маргааш нь лам руу аваад явж байтал "Ээжээ миний тархин дотор юм хөдлөөд байна. Маш хэцүү, юмаар нүдээд байх шиг байна" гэсэн.
Би дагуулаад эмнэлэг рүү очиход бас "Наад хүүхэд чинь зүгээр хүүхэд" гэж хэлсэн. Тэр үед би уурлаж байгаад эмнэлэгт хэвтүүлсэн. Эмч намайг гадаа сууж бай гэж хэлээд эмчилгээг эхлүүлсэн ч хожимдсон эмчилгээ байсан юм билээ. Намайг "Хүүхдийг чинь гэмтлийн тасаг руу шилжүүлэх гэж байна хувцсанд нь яваад ир" гэхээр нь хувцсыг нь аваад ирэхэд миний охиныг гэмтлийн тасаг руу оруулаад аппарат залгасан байсан. Яагаад аппарат залгасныг асуухад та дуугүй байж бай, эмчилгээ эхэлсэн гэж хэлсэн ч миний охинд амьдын шинж байгаагүй хэмээн ярьжээ.
Харин охин гурван удаа эмнэлгийн тусламж хүсэхэд "Зүгээр" хэмээн буцаасан Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нар ярихдаа "2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт охин ирж үзүүлсэн. амин үзүүлэлт хэвийн байсан. Дагзны хэсэгт ил харагдах шархтай байсныг нь боогоод, маргааш нь ирж үзүүлэхийг хүссэн юм билээ. Нэгдүгээр сарын 13-нд мөн ирж үзүүлэхэд, биеийн байдал тогтвортой байсан юм билээ.
Мөн боолт хийгээд буцаасан. Нэгдүгээр сарын 27-нд дахин тусламж үйлчилгээ аваад, 28-нд ирэхдээ бол биеийн байдал дордсон, амин үзүүлэлт унасан байсан. Бид зохих шинжилгээг авч, тархины зураг авсан. Гавал тархины гэмтэл үүссэн, мөн зүрх, судасны дутагдлын улмаас амиа алдсан. Нас барсан шалтгааныг шүүхийн дүгнэлтээс гарна. Нийт дөрвөн удаа охин эмнэлгийн тусламж авахаар ирсэн. Охин давхар ханиадны вирустай байсан" гэжээ.