Дэлхийн дахинд урлагийн одууд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлж, буяны сангуудад хэдэн мянгаар нь мөнгө хандивладаг. Улсдаа татвараа хууль номынх нь дагуу төлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлнэ. Өөрийн нэр нүүр, алдар хүндээ ашиглаж олсон нэг долларыг ч тэд бусадтай хуваалцах үүргээ нэр төртэйгөөр биелүүлнэ.
Эс бөгөөс татвар төлөөгүй гэх шалтгаанаар хуулийн өмнө очдог. Хэн ч тэднийг олны танил юм, од юм гэж өршөөж уучлахгүй. Гэрээ байгуулсан газрууд нь ч санхүүгийн хувьд хэр сахилга баттай, татвараас зугтдаг уу, хүмүүнлэгийн үйлс хийдэг эсэхийг нь харж брэндийн нүүр царай болгох эсэх сонголтоо хийдэг гэсэн үг л дээ. Гэтэл гурван сая хүнтэй Монгол Улсад энэ бүхэн тэс өөр. Тэр тусмаа урлагийнхны ёсзүй, хандлага нойл болчихсон цаг үе. Сошиал орчинд хүүхэн хүчиндсэнээ ярьцгааж маазарна. Хүний эрхийг уландаа гишгэсэн, жендэрийн мэдрэмжгүй хачин заваан үзүүлбэрээ урлаг хэмээн нэрлэчихнэ. Хар тамхины хэрэгтэн нь гарч ирээд залуусыг зөв амьдрахыг уриална.
Гэмт хэрэг хийж, хүний амь хөнөөчхөөд гэгээрсэн аятай зурагтаар гараад л сууж байна. Өсөж дэвжсэн, өргөжиж тэлсэн зүйл юу ч байхгүй атлаа нэг л их оддын өвчнөөр өвдсөн их зантнууд. Цаашлаад тэд улсад татвар төлдөггүй, буяны үйлд хандивлахгүй. Зөвхөн ядарсан иргэдээ мөлжих, бас дахин мөлжих сэтгэхүйтэй.
Чанартай, чанаргүй уран бүтээл ар араас нь үйлдвэрлэж, архи тамхи, гурил гоймон, нэр хүнд нь уначихсан улстөрч гээд юу ч байсан голохгүй рекламдана. Тэр ч байтугай спортын залуус нь хүртэл архины рекламанд тоглодог завхарсан дүр зургийг Монголоос л харж болох биз ээ. Урлагийн карьер нь дуусчихсан хэсэг нь улстөрчийн, намын бөгс “долоож” бүр амьд тролл нь болж ажилладаг жишээ ч сонгууль болгоноор давтагдана. Тэрэндээ ичнэ, эмээнэ гэж байхгүй ээ, тэд. “Ямар ард түмэн байна тийм төр байдаг” гэдэг шиг тархи нь хамуурсан хэдэн “мал”-ынхаа учрыг ч тэд олоод сурчихсан. Одоо тэд мөнгө олох аргаа улам нарийсгаж, олны танил гэсэн нэр хүндээ ашиглан сугалаа явуулж эхлэв.
Нэг үгээр хэлбэл, мөнгө олох зам нь, хэдээ “мал”-аа саах арга нь улам нарийссан хэрэг. Хийж буй дуу, үзүүлж буй чанаргүй контент, тоглолтыг нь хэн ч тоож үзэхгүй болоод эхлэнгүүт азанд найдсан сэтгэхүйгээр нь мөнгө олох аргаа тэд олчихсон гэсэн үг. Эхнийх нь “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай. Тэрбээр, приус 41, идэшний шүдлэн үхэр, Jordan 6 пүүзний сугалааг нэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр зарсан. Түүний сугалаанд хамгийн багадаа 2000 хүн оролцлоо гэхэд л 40 сая төгрөг. Приус 41 нь 28 сая, идэшний үхэр 2 сая, пүүз нь 1 сая төгрөг. Магнайгийн олсон ашиг нь 9 сая. М.Баярмагнай энэ сугалаандаа нийт 4000 хүнийг хамруулжээ. Олсон мөнгө нь 80 сая төгрөг. Эндээс ердөө 31 сая төгрөгийг л хэдэн “мал”-уудадаа тарааж өгөөд үлдсэн нь түүний ашиг болсон аж.
Ах нар нь ийнхүү ядарсан хэдэн монголчуудаа ашиглаж мөнгө олж буйг харсан дүү нар нь ч энэ замаар явж эхлэлээ. Дуучин С.Заяа, жүжигчин Р.Адъяа, Танхай ерөөлч гээд сугалааны бизнесийн жагсаалт урт үргэлжилнэ. Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр С.Заяа унаж байсан хуучин машинаа зарж чадахгүй учраас сугалаагаар өгнө хэмээн сар шинийн өдрүүдэд зар тараав. Сэтгэгдэл хэсэгт нь өнөөх “мал”-ууд нь хэдэн мянгаараа аз аз, бурзай бурзай хэмээн бичсэн харагдах аж. Ерөөс өөрсдийг нь ашиглаж мөнгө олох, хуучин машины сэгээ зарах гэж байгааг ойлгож буй хүн тэнд алга.
Хэрхэн амар хялбараар мөнгө олох вэ гэсэн ядарсан сэтгэхүйгээр нь наадаж байгаа тэдэндээ хир халдаахгүй хамгаалахыг нь яана аа. С.Заяагийн хоёр машины үнэлгээ зах зээл дээр хамгийн ихдээ 100 сая төгрөг болно. Гэтэл дуучин залуу олны танил нэр нүүрээ ашиглан 3333 хүнийг 50 мянган төгрөгөөр сугалаандаа хамруулахаар болжээ. Нийтдээ 170 орчим сая төгрөг болно гэсэн үг. Эндээс Заяагийн хүртэх цэвэр ашиг нь 70 сая. Зарагдахгүй хоёр машинаа ч зарчихна гэсэн үг л дээ. Ийм л заваан, ичгүүргүй хүмүүс ядарсан хэдэн монголчуудын тархиар наадаж мөнгө олоод сурчихлаа, тэд. Бүүр улаан цагаандаа гарчихсан, койны луйварчдаас ялгарах зүйл огт алга. Хамгийн хоржоонтой нь тэдэнд үйлчилдэг хууль гэж байдаггүй.
Олны танил од биш ББСБ-ын журмаараа олон нийтийн телевизээр сугалаа явуулсныг нь барьж хорьдог, шалгаж цагддаг хуулийнхан нь олны танил одонцоруудыг бол яаж ч чадахгүй. Арга ч үгүй биз. Хар тамхичдыг хүртэл суллаж явуулаад, өөрсдийн рекламанд тоглуулдаг хүмүүс шүү дээ. Койнчдыг барьж хорьдог, телевизээр сугалаа явуулсан хүмүүст гав гинжээ бариад очдог цагдаа нар олон нийтийн сүлжээ ашиглан ашиг олж буй энэ мэт үйлдлийг харсан ч хараагүй мэт явсаар байгаа нь гутамшигтай.
Дүүрчихсэн хэдэн “орк”-уудаасаа яаж мөнгө салгах аргаа олчихсон одонцоруудаа оодруулж, татвараас зугтаалгаж, хар тамхи татаж, хүчин хийснийг нь уучилдаг гэнэн тэнэг зан зөвхөн биднээс л гарах юм даа. Тэд хэрвээ дэлхий дахинд урлаг, спортын замналаар явж байгаад ийм зүйл хийсэн бол нийгэм нь тэр чигтээ бүүлдэж, нийгмийн хатуу шүүлтүүрээр орчихсон байгаа. Дагагчийнх нь тоо буурч, гэрээт газрууд нь хүртэл хамтын ажиллагаагаа дуусгана. Харин Монголд бол дагагчийнх нь тоо улам нэмэгдэж, дагалдан баясагч арми нь уярлын пост үйлдвэрлэн өмгөөлж хамгаалдаг гажиг тогтолцоо байх юм. Ямар оркууд байна тийм л одонцоруудтай улс юм даа.