Цагдаагийн байгууллагад өчигдөр ГССҮТ-өөс “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлжээ. Шалгалтын явцад гурван настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байжээ.
Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж байгаа юм.
Тэгвэл хүүхдийн биеийн байдал маш хүнд байна гэж мэдээлсэн билээ. Энэ талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р. Гантуяа "Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү одоо ч ухаан ороогүй, бие нь маш хүнд байна. Тархины маш хүнд гэмтэлтэй, баруун гар нь хугарсан, шулуун гэдэс нь бяцарсан. Эмнэлгийн зүгээс хоёр дахь өдрөө эрчимтэй эмчилгээ хийж байгаа ч дээрдээгүй байна.
Манай төвд энэ сарын 8-нд 9:00 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж ирсэн. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж, хоёр өдөр эмчилж байна.
Мөн Эх нялхсын эмнэлэгтэй хамтарч дахин нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийлээ. Бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байна. Биеийн байдал маш хүнд, эмнэлгээс шаардагдах бүх тусламжийг нь үзүүлсээр байна. Цаашид яахыг хэлэх боломжгүй байна" гэсэн юм.