ЦЕГ-аас хойд эцэгтээ зодуулж, маш хүнд бэртэл авсан гурван настай хүүгийн талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон.Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, одоогоор ухаангүй байгаа талаар ГССҮТ-өөс бидэнд мэдээлсэн. Урьдчилсан байдлаар энэ сарын 6-7-нд шилжих шөнө хүүг зодсон ч 8-ны өдөр эмнэлэгт хүргэсэн. Сэжигтэн Л нь өмнө нь бусдын биед гэмтэл учруулсан хэргээр ял шийтгэл авч байсан.
Хүү хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштой. Хүүгийн шулуун гэдэсний хэсэгт цус хурсан хэмээн шинжээч эмч дүгнэсэн байна. Энэ нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээс үүссэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй. Хүүгийн биед үүссэн зодуурын шарх, цус хуралт зэрэг нь тав хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэж мэдэгдлээ.