Багш нарын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэхэд чиглэсэн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон билээ. Харин энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн байр суурийг хүргэж байна.
Тэрбээр “Багш нарын цалин нэмэгдээгүй гэсэн ойлголт байхгүй. Манай боловсролын салбар сүүлийн хоёр жил цалингаа 30 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Бусад салбарынхан нэмэгдээгүй. Ийм байхад дахиад 30 хувь нэмэгдүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Монголын үйлдвэрчний эвлэлтэй гурван талт гэрээтэй. Хоёр жил тутамд гэрээгээ дүгнэдэг. Гэрээнд зааснаар цалинг 30 хувь хүртэл нэмэгдүүлж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлнэ гэдэг үүргийг бид хүлээсэн. Үүргээ ч биелүүлсэн. Багш нарын хамгийн бага цалин 1050.000 төгрөгт хүрсэн. Үүнд гүйцэтгэл, нэмэгдэл байхгүй нь шүү дээ. Хамгийн дээд цалин нь 2.8 сая болсон. ЕБС-ын 35 мянга, СӨБ-ийнх 11 мянган багш бий. Өнгөрсөн жил багш нарыг зургаан түвшинд ангилсан. Багш нар 10-25 хувийн нэмэгдэл авч байгаа. Харин гүйцэтгэл муутай 5-6 дугаар түвшинд гүйцэтгэлийн урамшуулал олгохгүй шүү дээ” гэв.